ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, коронавирус илэрсэн тохиолдолтой шууд болон дам харилцаатай байсан хүмүүсийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан долоо, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, нийт найман хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан шинжилгээний хариу юм. Ингээд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 215 тохиолдлоос коронавирус илрээгүй. Нийт 414 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авлаа. Цагдаа болон бусад байгууллагатай хамтран ойрын хавьтлыг маш богино хугацаанд тодорхойлж, хаягжуулж тусгаарлан ажиглалтад оруулсан юм.
Энэ сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Мөн энэ сарын 13-нд Дархан-Уул аймагт 10 хүнийг ажиглалтад оруулсан. Мөн өдөр сэжигтэй хоёр тохиолдлыг ХӨСҮТ-д хянаж байна. Дорноговь аймгаас шинжилгээний сорьц авах төлөвлөгөөтэй ажилласан. Шинж тэмдэг илэрснээс хойш хамгийн их халдвар дамжих эрсдэлтэй тул нийт 54 хүний шинжилгээний сорьц өнөөдөр өглөө зөөвөрлөгдөн ирлээ.
Одоогоор франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Дотор ажиллаж байгаа эмч ийм мэдээлэл өгсөн” гэв.
Коронавирусний талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх 119 лавлах утас 24 цагаар ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө 698 дуудлага ирснээс 191 нь хуурамч дуудлага иржээ. Тиймээс хуурамч дуудлага хийхгүй байхыг ЭМЯ-наас хэвлэлийн хурлын үеэр иргэдэд анхаарууллаа.