“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага санаачилгаар Монголын үндэсний бөхийн холбоо, ТВ8 телевиз хамтран зохион байгуулсан Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаанд 32 бөх зодоглож улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ.
Шинэ дүрмээр, зохион байгуулалттай болсон барилдааныг "Эрхэт Монгол" групп 4 жил ивээн тэтгэхээр гэрээ байгуулсан юм. Анхдугаар барилдааны үзүүр, түрүүнд улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Н.Мустафа хоёр шалгарч, харцага хөл аваад давснаар начин үзүүрлэсэн юм.
Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаанд улсын харцага Т.Баасанхүү аймгийн заан Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, улсын начин Б.Серик, аймгийн арслан Э.Сумьяабат, Улсын начин Н.Мустафа нарыг давж түрүүлсэн бол улсын начин Н.Мустафа аймгийн арслан Д.Аззаяа, улсын харцага Д.Анар, улсын начин Ч.Батчулуун, улсын начин Б.Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодуулсан юм.
Анхдугаар барилдаанд түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн шагнал, алт, мөнгөн медаль хүртсэн бол шөвгөрч, хүрэл медалийн эзэд болсон 2 бөхийг 500 мянган төгрөгөөр урамшуулав.
Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаан дүрмийн дагуу цагтаа шуурхай болж шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд цаашдаа тус барилдааныг сар бүр зохион байгуулж, улам бүр төгс, шударга шүүлт, зохион байгуулалт, дүрэмтэй болгохыг зохион байгуулагчид нь зорьж байгаа юм.