Өнгөрсөн хоногт 1719 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 25 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд 964 нь Улаанбаатар хотод,  755 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт халдварын хамгийн их буюу  155 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд  коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 19 хүн нас баржээ. Энэ нь нэг өдрийн хугацаанд хамгийн олон хүн эндсэн тохиолдол юм.

Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1553 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 841 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52 399 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих