/Times of Israel/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетийн ажлын алба болон тус улсын Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран боловсруулсан төлөвлөгөөний дагуу Израил улс “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр болжээ.
Тодруулбал, Израил олон улсын хилээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нээж байгаа бөгөөд “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson&Johnson”, “Sinovac”, “Sinopharm” зэрэг компанийн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины нэмэлт тунг хийлгэсэн тохиолдолд тус улсад нэвтрэхийг зөвшөөрнө хэмээн мэдэгдэлд дурджээ.
Уг төлөвлөгөөг энэ сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах ажээ.