/CNN/. Вашингтон Хятадтай хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байгаа ч байр сууринаасаа ухрахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гаргийн орой мэдэгджээ.
Тэрбээр Мэрилэнд муж улсын Балтимор хотод иргэдтэй уулзах үеэрээ ийм мэдэгдэл хийсэн байна.
“Би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхдээ бусад удирдагчидтай харьцуулахад их зүйлийг ярьж, их ч цаг зарцуулсан. Байден Хятадтай шинэ хүйтэн дайн эхлүүлэхийг хүсэж байна гэж хүмүүс ярихыг та бүхэн сонссон байх. Би Хятадтай хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байна. Гэвч бид байр сууринаасаа ухрахгүй, үзэл бодлоо өөрчлөхгүй гэдгийг Хятад улс ойлгоосой гэж хүсэж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Цагаан ордны тэргүүний хэлснээр Орос, Хятад болон дэлхийн бусад улс орон АНУ хамгийн шилдэг зэвсэгт хүчинтэй гэдгийг мэднэ. "Тэд АНУ-ын хүчтэй өрсөлдөгчид болно гэж бүү санаа зов, харин тэд ноцтой алдаа гаргахад хүргэх алхам хийх эсэх талаар санаа зовох хэрэгтэй" гэж тэрбээр хэлжээ.
Хэрэв Тайвань халдлагад өртвөл Вашингтон арлын аюулгүй байдлыг хангахад бэлэн байна гэж Байден онцлон тэмдэглэсэн байна.