Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төслийг дэмжив

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Уг төслийг Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өргөн барьж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хоёр яамны төсөв санхүүжилтийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга танилцуулав. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Хоёр яамыг Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрыг суурилан байгуулах аж.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хоёр яамны төсвийг хэдэн төгрөгөөр төсөвлөснийг тодруулав.

Эдийн засаг, хөгжлийн яаманд 4.3 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд 1.8 тэрбум төгрөг суулгажээ. Хоёр яам тус бүр 80 орчим албан хаагчийн орон тоотой байхаар тооцож буйг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж онцлов.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар шинээр яамд байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хуулийн төсөлд яамдын чиг үүргийг нарийн тусгаагүй байна хэмээн шүүмжлээд хэлэлцүүлгийн явцад чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Эдийн засаг, хөгжлийн яам зөвхөн гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшил, ядуурлыг бууруулах бодлогын асуудлыг хариуцахаар тусгасан айгааг шүүжмлээд макро эдийн засагтай холбоотой бүх ажил уг яамны харъяанд байх ёстой хэмээв. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж уг яамны хариуцах ажилд хөрөнгө оруулалт, худалдаа гээд олон асуудал багтсан гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яам байгуулсны оронд Хөгжлийн асуудал хариуцсан Шадар сайд, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан Шадар сайд бий болгох хэрэгтэй гэсэн санал хэлэв. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Эдийн засаг, хөгжлийн яамны эрх мэдэл, харъяалах асуудлыг Сангийн яамныхтай давхардуулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэлээ.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл бичих