Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлах болжээ.
Тодруулбал, ЭХЯ-наас уг тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, "Тавантолгой ДЦС говийн бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Цаашлаад төвийн бүсийн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх боломжтой. Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой компанитай байгуулсан гэрээний дагуу тус ордын эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах ёстой. Тус компани одоогоор БНХАУ-аас 110-120 сая ам.доллараар эрчим хүч авч байгаа. Тавантолгой ДЦС ашиглалтад орсноор Оюутолгойгоос энэ хэмжээний ашиг олох боломжтой. Уг ДЦС-ыг барихад 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна" гэлээ.
Засгийн газраас эрчим хүчний хэрэгцээг хангах үүднээс 16 эх үүсвэр байгуулах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтыг биелүүлэхийн тулд нэн тэргүүнд одоо байгаа ДЦС-иудыг өргөтгөх, шинэчлэх ажлыг зохион байгуулж буй юм. Цаашлаад хатуу түлш буюу нүүрсээр ажилладаг эх үүсвэр барих, сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахаар төлөвлөж байгааг салбарын сайд онцолсон юм.