Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулжээ.
Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэх бөгөөд дэд даргаар БОАЖ-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ажиллах аж. Үндэсний хорооны гишүүнээр Засгийн газрын гишүүд ажиллаж салбар дундын уялдаа холбоог зохицуулах аж. Мөн байгаль орчны салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөгч нар гишүүнээр ажиллана гэдгийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, “Монгол Улс таван удаа цөлжилтийн үнэлгээ хийсэн. 2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн байна гэсэн дүн гарсан байна. Үүнээс 30 сая га талбай нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн гэсэн ангилалд багтлаа. Монгол Улс 1996 онд НҮБ-ын Ган, цөлжилттэй тэмцэх конвенцод, 2015 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрт нэгдсэн. Эдгээр конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх, бодлогын зорилтуудаа биелүүлэхэд энэ хороо нэн шаардлагатай гэж үзсэн. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттай өрнүүлэхэд энэ хороо төсөв санхүү, зохион байгуулахад анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ.
Уг хороо улирал тутамд хуралдаж, цөлжилтийг бууруулах, хөрсний бохирдлыг арилгах ажлын уялдаа холбоог хангах юм.
Мөн тэрбээр “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд уулнаас мод шилжүүлэн суулгах бодлого баримтлахгүй хэмээв. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац бэлэн байгаа бөгөөд 2030 он хүртэл жил бүр 100 сая модны суулгац хэрэгтэй гэж тооцож байгаа аж. Тиймээс одоо байгаа суулгацын нөөцөө 10 дахин нэмэхийн тулд мод үржүүлгийн газруудыг дэмжих, зээл олгох, урамшууллын систем бий болгохоор ажлын баг байгуулсан гэв.