Дэлхий нийтийг айлгаж буй коронавирусийн халдвар Монголд орж ирсэн нь тогтоогдож, нэгдүгээр хавьтлын 500 орчим хүнийг тусгаарлаж, тэдгээр иргэдийн шинжилгээний хариуг улс даяараа чих тавин хүлээж байна. Халдвар битгий л тархсан байгаасай гэдэг ганцхан хүлээлттэй хоёр дахь хоног...
Коронавирус манай улсад бүртгэгдсэнээс хойшхи хоёр дахь шөнийн 00:30 цаг. Улаанбаатарын хотын гудамжинд хөдөлгөөн зогсож, онгорхой хаалга ч үгүй, нам гүм. Харин эрүүлжүүлэн саатуулах байруудад урдын адил хөл хөдөлгөөнтэй, чимээ шуугиантай, амьдрал ид дундаа байх аж. Нийслэлийн цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах төв байранд шөнө дунд гэхэд аль хэдийнэ 40 гаруй хүн эрүүлжүүлэгдэхээр ирсэн байлаа. Тэдний талаас илүү нь орон гэртээ архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр энд иржээ.
Саатуулах байрны үүдний сандал дээр 60 орчим насны нилээд согтуу эр суух бөгөөд толгой, гар нь зогсоо зайгүй салгалаж байх юм. “Олон хоног архи уухаар ингэж байгаа юм” гэж саатуулах байрны эмч хэлэхэд хажуугаас “Би угаасаа тал харвалттай, толгойдоо дөрвөн хадаастай хүн” гэж өөрийгөө өмөөрөх тэр эр ар гэртээ агсам тавьсан хэргээр иржээ.
Энд өдрийн 12.00 цагт саатуулагдаж ирсэн хоёр эр байлаа. Архи нь аль хэдийнэ гарч, эрүүлжсэн тэд согтуучуудын хурхирах, “Эндээс гарга” гэж орилох чимээ, өрөөний хамар цоргим үнэрт унтаж чадахгүй байгаа бололтой дэмий л нааш, цааш холхино. Тэд хөл хорио гээд ажил амарчихсан учраас архи уусан гэж мэдүүлэх бөгөөд мөн л ар гэртээ агсам тавиад энд ирсэн.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэн саатуулах төв байранд манай улсад коронавирус бүртгэгдсэн эхний шөнө 80 хүн саатуулагджээ. Энэ нь энгийн үеийнхээс их тоо гэнэ. Тэдний дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн согтуучууд.
Хөл хорионы энэ үед хүмүүс бааранд биш гэртээ архидан согтуурч, улмаар ар гэртээ агсам тавих нь ихсээд байна
Баар, шөнийн цэнгээний газруудыг эрт хаагаад байхад яагаад эрүүлжүүлэх байранд ирэх хүмүүсийн тоо огт буурахгүй, харин ч гэр бүлийн хүчирхийллээр саатуулагдах нь нэмэгдээд байгааг тодруулахад “Хөл хорионы энэ үед хүмүүс бааранд биш гэртээ архидан согтуурч, улмаар ар гэртээ агсам тавих нь ихсээд байна” гэдэг хариултыг өгсөн юм.
Коронавирусийн халдвар илэрснээс хойшхи хоёр хоногт л зөвхөн нэг саатуулах байранд 130 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байгаа нь энэ. Халдвар битгий тараасай гэж нэг хэсэг нь санаа зовж суухад нөгөө хэсэг нь архи ууж агсам тавиад л...
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН