ҮСХ-ны мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар нийслэл Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар өссөн. Инфляц улсын хэмжээнд өнөөдөр 8.9 хувьтай, нийслэлд 9.1 хувь байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжих инфляцыг ирэх 2 жилд хасах нэмэх 2 хувийн интервалаар 6 хувь орчимд тогтворжуулна гэж Төв банкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл”-ийг өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдэгдлээ. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулав.
-Инфляцийг жилийн 6 хувьд барина, тогтворжино гэж Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд тусгаад буй. Яаж эргээд 6 хувьд хүрч барих вэ?
-Энд цаг үеийн нөхцөл байдал нөлөөлнө гэж үзэж буй. Цар тахлын хямралын дараагаар дэлхийн эдийн засаг аажмаар тогтворжиж ирнэ. Үүнтэй холбоотойгоор жишээ нь, манай улсад үүсээд буй, инфляц өссөний нэг гол нөхцөл шалтгаан болох тээвэр ложистикийн гацаа болон ачаалал аажмаар буурч тогтворжоод ирэх болов уу гэсэн хүлээлт бий. Ингэснээр инфляц буурна. Мөн энэ жил инфляцийн гол хөөрөгдлийг бий болгож буй нефтийн бүтээгдэхүүний үнэ ирэх онд өслөө өслөө гэхэд энэ жилийнх шиг ийм 2 дахин нэмэгдсэн шиг айхтар өсөхгүй байх.
Инфляц улсын хэмжээнд 8.9 хувьтай, нийслэлд 9.1 хувьд хүрэхэд шатахууны үнийн огцом өсөлт 1.7 нэгж хувиар, махны үнийн жилийн 15.8 хувийн өсөлт 1.8 нэгж хувиар, хатуу түлш болон нийтийн хоолны үйлчилгээ 15.6-17 хувиар нэмэгдсэн нь 0.8-1.6 нэгж хувиар тус тус голлон нөлөөлжээ.
-Эдийн засаг ямар нөхцөл байдлаар өсөх дүр зурагтай байна вэ?
-Ирэх онд эдийн засаг бидний төсөөлснөөр 5.8 хувийн голч өсөлттэй байх болов уу гэж үзэж байгаа. Энэ дотроо гол нөхцөл байдал гэвэл эдийн засаг КОВИД-19-ийн цар тахлын хямралаас гарч байна. Уул уурхайн бус салбарын өсөлт энэ оны сүүлийн хагасаас идэвхжиж эрчимжиж эхэлж байна. Цааш 4-5 хувийн өсөлттэй байхаар үргэлжлэх төлөвтэй байгаа.
-Монголбанкнаас олгож буй репо санхүүжилт нь зээлийн нэг хэлбэр. Эдийн засгийг дэмжих 3 хувийн зээлтэй харьцуулахад 7 хувьтай байгаа. Энэ нь ямар ялгаатай байна вэ?
-Репо санхүүжилтийн зээл нь төв банкны эх үүсвэртэй. Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл нь Засгийн газрын хүүгийн татаастай, арилжааны банкны өөрийнх нь эх үүсвэрээр олгож буй зээл гэдгээр энэ хоёр зээл ялгаатай.
Тодруулбал, репо нь Монголбанкнаас 6 хувьтай гарган арилжааны банкуудад эх үүсвэр олгоод цааш зээлдэгч нарт 10 хувьтай очиж буй зээл юм. Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл бол Засгийн газар болон төв банкнаас ямар нэг эх үүсвэр гарахгүйгээр арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл.
Засгийн газар 9 хувийн хүүд нь 6-7 хувийн хүүгийнх нь татаасыг өгөөд эцсийн зээлдэгч нарт 3 хувь болон хувиран очиж буй юм. Репо санхүүжилт нь Монголбанкны бодлогын хүүтэй тэнцүү буюу 6 хувийн хүүтэй гарч буй, түүнээс доош байж болохгүй. Арилжааны банкуудын зээлийн хувьд эрсдэлийн үнэлгээний дагуу өөрийнхөө үйл ажиллагааны зардлыг нэмээд 10 хувь болон эцсийн зээлдэгчид очиж буй юм.