Монгол хонины ноосоор хийсэн бордоог ОХУ-д экспортлох сонирхолтой байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын ажил хэргийн болон бизнес уулзалтын давтамж 2 дахин нэмэгдээд буй. Уулзалтууд дээр Монголын бизнес эрхлэгчид ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон арьс ширэн зэрэг уламжлалт бүтээгдэхүүнээс гадна “АПУ”, “Хаан хүнс”, “ТЭСО” зэрэг компани органик бордоо, хүнсний цэвэр бүтээгдэхүүн гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.

Мөн хонины ноосоор 100 хувийн органик бордоо үйлдвэрлэж буй “Монпеллетс” ХХК ОХУ-д бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байна. Түүнчлэн хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж буй “Эко ноос” ХХК “Хаан ноос” бүтээгдэхүүнээ болон хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материалаа Оросын зах зээлд гаргах саналаа хэлж байлаа.

Бүтээгдэхүүнээ гаргахаас гадна манай компаниуд хойд хөршийн үйлдвэр, ААН-үүдтэй техник, технологи, үйлдвэрлэл дээр хамтран ажиллах сонирхолтой байдаг. Манай “Номадс”-ын сүлжээ Оросын Эрхүү, Буриад улсын Улаан-Үд хотоос гадна хойд хөршийн бусад бүс, хотуудад үйлчилгээгээ өргөтгөх хүсэлтэй байна.

Монголын “Өүлэн минж” болон “Мөөгий органик” компаниуд ОХУ-д хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн-ажлын болон бэлэн хувцас гаргах, мөөг боловсруулах талаар хүсэлтээ Оросын талд тавьсан. Улмаар дээрх хоёр компани ОХУ-ын хөвөн бөс бараа үйлдвэрлэлийн “ТОРИ” болон “Пешков” компаниудтай хамтран ажиллахаар болсон юм. Харин манай барилгын компаниуд Оросын ижил төрлийн ААН-үүдийн техник, технологийг сонирхдог.

Энэ талаар Монгол-Оросын Ажил хэргийн зөвлөлийн шугамаар болсон хоёр орны барилгын салбарын уулзалтад оролцсон Монголын “Түмэд групп” ХХК-ийн төлөөлөл Х.Өлзийбаяр хэлэхдээ, “Бид Оросын бүтээгдэхүүний технологи хэрхэн өөрчлөгдөж буйг сонирхож байна. Ялангуяа, барилгын салбарт хямд өртөгтэй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж сонирхож байна. ОХУ-ын барилга, сантехникийн стандарт манайхтай ижил. Манайд сантехникийн шинэчлэлийг Оросын тоног төхөөрөмжөөр хийх боломжтой” гэж байв. Энэ бол ОХУ-ын ижил төрлийн компаниудтай харилцаа тогтоох гэсэн манай улсын нэг салбарын төлөөллийн үг.

Өнгөрсөн онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон "Монгол-Оросын ажил хэрэгч харилцаа" чуулга уулзалтад оролцсон манай улсын “Хүнс Комплекс”, “Очир Дагинас”, “Хатан Сүйх”, “Хаан Хүнс Импекс”, “Преком”, “Могол Ноос”, “Блю Скай Кашемир”, “Тэнгэр групп”, “Ай си Ай Си” зэрэг компанийн удирдлага, төлөөлөл өөрсдийн бүтээгдэхүүнээ хойд хөршийн зах зээлд гаргах саналаа хэлж байв. Тодруулбал, Монголын ААН, компаниудын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ОХУ-ын армид нийлүүлэх боломжийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирь муж дахь төлөөлөгч болон Дорнод Сибирийн худалдааны танхимын удирдлагатай уулзан санал солилцсон юм. Уулзалтын дүнд хоёр улсын БХЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар Монголын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Оросын армид нийлүүлэх, МҮХАҮТ ба Дорнод Сибирийн Худалдааны танхим импортын холбогдох зөвшөөрлийг шийдвэрлүүлэх талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн.

Манай улсын бизнес эрхлэгчид ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар 40-45 хувь, өндөр байдгийг бууруулж өгөх хүсэлтийг тавьж ирсэн. Мөн тарифын бус саад зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Тарифын бус саад тотгорын нэг жишээ нь тохирлын гэрчилгээний шаардлага юм. ОХУ-ын хууль журмын дагуу гадаадаас оруулж буй бараанд тохирлын гэрчилгээ шаарддаг. Энэ гэрчилгээг авахад 3 сар орчмын хугацааг зарцуулдаг бол гэрчилгээний хүчинтэй хугацаа 6 сар байдаг. Дээрх хүндрэл бэрхшээлийг шийдэх нэг гарц нь ОХУ багтдаг Еврозийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал хэмээн манай улс үзэж буйг Гадаадын харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д энэ онд хийсэн айлчлалын үеэр илэрхийлж байв.

Тиймээс манай улсын ГХЯ ЕАЭЗХ-той хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулан Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судалж байна. Хамтарсан ажлын хэсэг энэ онд багтаан судалгааны ажлыг дуусгаж, үр дүнг танилцуулах зорилготой ажиллаж байна. Шинжээчдийн судалгааны үр дүнд тулгуурлан Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх эсэх гэсэн дараагийн алхам, шийдвэрээ гаргах юм.

ОХУ-тай хийж буй Монгол Улсын худалдаа цар тахлын өмнө 2 тэрбум ам.доллар орчимд хүрч байв. Тэгвэл энэ оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар нэмэгджээ.

ОХУ-тай хийж буй Монгол Улсын худалдаа цар тахлын өмнө 2 тэрбум ам.доллар орчимд хүрч байв. Нийт худалдааны эргэлтийн 90 хувийг нь ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлж буй импорт бүрдүүлдэг. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дийлэнх хувь, өргөн хэрэглээний бараа, техник тоног төхөөрөмж зэрэг олон нэр төрлийн барааг ОХУ-аас худалдан авдаг бол Монголоос цөөн төрлийн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр Оросын зах зээлд нийлүүлдэг.

2021 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн. Цар тахлын амаргүй үед энэ нь чамлалтгүй сайн үзүүлэлт гэж дүгнэж байгааг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хорооны хамтарсан цахим уулзалтын үеэр хоёр тал илэрхийлж байв.

Сэтгэгдэл бичих