Трамп АНУ-д онцгой байдал зарлалаа

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд онцгой байдал зарлалаа. Тэрбээр холбогдох мэдэгдлийг баасан гарагт Цагаан ордонд тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ.

“Улсын хэмжээнд онцгой байдал тогтоосныг би өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү арга хэмжээ нь муж улсууд болон орон нутгуудын засаг захиргаанд коронавирусний тархалттай тэмцэхэд үйл ажиллагаагаа илүү сайн зохицуулах боломж олгоно" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Трампын хэлснээр, түүний зарлиг нь одоо байгаа зарим хууль тогтоомжоор хязгаарлагдахгүй өргөн эрх мэдлийг Эрүүл мэндийн сайдад олгох бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд шинэ эмнэлэг нээх, эмчилгээний шинэ аргыг туршиж үзэх зэрэг илүү уян хатан, хурдан ажиллах боломжтой болно.

Түүнчлэн онцгой байдал нь Трампт гамшгийн эсрэг үндэсний сангаас коронавирустэй тэмцэхэд 50 тэрбум ам.долларыг гаргах, мөн муж улсуудын эрх баригчдад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй зохицуулах боломжийг бүрдүүлнэ

АНУ-ын зарим муж улсад сургуулиудыг хааж, томоохон цугларалт, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг хориглон коронавирусний халдварын тархалтыг хумих арга хэмжээг хэдийнэ авсан юм.

Тус улсад одоогийн байдлаар “Covid-19” халдварын 2033 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн нас баржээ.

ВАШИНГТОН. /ВВС/.

Сэтгэгдэл бичих