Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын өчигдрийн цахим уулзалтаар ярилцсан асуудлыг ажил болгон хэрэгжүүлэх ажлын баг байгуулсан тухай Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэв.
Тус ажлын багийг Сангийн сайд Б.Жавхлан ахлах бөгөөд хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцэж тохирсон асуудлын мөрөөр ажлаа шуурхай зохион байгуулна гэдгийг тэмдэглэв. Тэрээр, сайд нарын тохирсон асуудлуудын талаар товч танилцуулав.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг болж ирсэнд талархал илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцсон. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар, Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачаатай холбоотой асуудлыг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо. Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулав.
-Ачаа тээврийн бөөгнөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Өчигдөр БНХАУ-ын Ерөнхий сайд хэлэхдээ өөрсдийн нутаг дэвсгэртээ ч тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэхэд бэрх байгаагаа учирласан. Төмөр замын хувьд ч техникийн хүрэлцээ дутмаг байгаа юм байна. Гэхдээ манай улсын гадаад харилцааны асуудалд онцгой анхаарахаа илэрхийлсэн. Ганц манай улс биш БНХАУ-тай далайн тээвэр хийдэг улс орнуудад ч ижилхэн хүндрэл үүссэн. Манай улсын хувьд харьцангуй бага хэмжээний ачаа байгаа тул зохицуулах боломжтой. Биднээс болон урд хөршөөс хамаарсан зохион байгуулалтын ажил шаардлагатай байна.
-Одоо хил дээр бөөгнөрсөн хэчнээн тонн нүүрс байна вэ?
-Цагаан хаданд одоогоор цугларсан 8.2 сая тонн нүүрс байна. Үүнийг бүгдийг нь БНХАУ-ын тал худалдаад авчихсан, АМНАТ-аа авчихсан бөгөөд БНХАУ-ын талаас импортлоход бэлэн болчихсон юм. Манайх зарчихсан хэрнээ хилийн цаана гаргаж чадахгүй байгаа. Цаанаа эрэлт хэрэгцээ ч их байгаа юм. Яаралтай хилээр гаргах хүсэлт тавьсан. Энэ хүрээнд чингэлэг терминал байгуулсан. Хятадын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг цогцоор хангах бүтээн байгуулалт болсон. Ингэснээр, хоёр тал худалдаалсан нүүрсээ хилээр гаргахад онцгой анхаарч ажиллах, манай талаас халдвар хамгаалын дэглэмээ сахих шаардлагыг хангасан. Цаашид бусад хилийн боомтод үүнтэй ижил ажил зохион байгуулахаар дээд шатандаа тохирсон. Одоо дунд, доод шатандаа шийдвэрлээд явна.
-Чингэлэг терминал ашиглалтад орсон уу?
-Бүтээн байгуулах ажил дууссан, одоо ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Хил дамнуулан гаргаж байгаа ложистикийн асуудал нь хоёр талын харилцан зөвшилцлөөс хамааралтай. Цаад талаас хариу хүлээж байна.
-Төмөр замаар ачаа тээвэрлэх хилийн солбилцлын цэг байгуулах ажил ямар шатанд байгаа вэ?
-Эхний ээлжинд бид БНХАУ-ын худалдаад авчихсан нүүрсийг яаралтай гаргах шаардлагатай. Тэгэхгүйгээр нүүрсээ нэмээд овоолоод байж болохгүй. Хилийн боомтын солбилцлын цэгийг олон жил ярьсан. Нарийн царигийг нааш оруулж ирнэ. Өргөн царигаа хилдээ тулгаад тавина. Тэгээд ачаагаа шилжүүлж ачаад явна гэдгийг олон жилийн өмнө тохирсон. Хятадын төмөр зам цаанаасаа Гашуунсухайт боомтод тулаад ирчихсэн. Бид төмөр замаа хойтон долоодугаар сард бүрэн дуусгана. Нарийн царигаар манайд орж ирэх цэгүүдийг өнөөдөр эцэслэж шийдсэнээр ЗТХ-ийн сайд Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулж баталгаажууллаа. Нарийн цариг орж ирээд өргөн царигтай уулзах цэгт Монголын талд шилжүүлэн ачих, буулгах терминал байгуулах асуудал үлдэнэ.
-Чингэлэгт терминал байгуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ?
-Бид ногоон бүс байгуулж халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэхдээ 100 хувь ногоон бүс болох боломж байхгүй юм байна. Тиймээс аль болох чингэлэг терминал байгуулах зэргээр ачаа тээврийг явуулахаар төлөвлөж байна. Хятадын талаас робот тээврээр хүн оролцуулахгүй удирдлагатай чингэлэгээр нүүрс тээвэрлэх шийдлийг санал болгож байна. Бүтээн байгуулалт богино хаугацаанд хийгдсэн.