/AP/. “James Bond” цувралын шинэ анги “No Time to Die” Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 56 сая ам.долларын ашиг орлого олсноор шилдэг кинонуудын жагсаалтыг /box office/ тэргүүлжээ. Цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшилсон энэхүү кино нь “James Bond” цувралын 25 дахь анги бөгөөд Английн жүжигчин Дэниел Крейгийн хувьд алдарт тагнуулчийн дүрийг тав дахиа буюу хамгийн сүүлийн удаа бүтээсэн нь энэ юм. Америкийн найруулагч Кэри Жожи Фукунагагийн бүтээсэн, нийт 250 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн “No Time to Die” кинонд мөн Рами Малек, Леа Сейду, Лашана Линч, Бен Уишоу, Наоми Харрис тэргүүтэй жүжигчид тогложээ.
Энэхүү анги нь “Rotten Tomatoes” кино үнэлгээний цахим хуудсанд одоогийн байдлаар 292 шүүмжлэгчээс 84 хувийн үнэлгээ аваад байгаа бол үзэгчид “CinemaScore” цахим хуудсаар “A-” үнэлгээ өгсөн байна. Мөн өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлээс нийт 313 сая ам.долларын орлого олоод байгаа бөгөөд Хятадын кинотеатруудын дэлгэцнээ 10 дугаар сарын 29-нд нээлтээ хийнэ.
Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Columbia Pictures” компанийн уран бүтээл “Venom: Let There Be Carnage” /32 сая ам.доллар/, гуравдугаарт “Metro-Goldwyn-Mayer” компанийн “The Addams Family 2” /10.01 сая/ бичигджээ. Эдгээрийн араас “Shang-Chi and the Legend of the Ten Rings”, “The Many Saints of Newark” кинонууд удаалж байна.