Барилгын материалын үнэ өссөнөөр орон сууцны үнэ нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Ипотекийн зээлд энэ оны 8 дугаар сарын байдлаар 822 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин их үзүүлэлт болж байна.

Хэдийгээр энэ хэмжээгээр олон мянган иргэн орон сууцтай болж байгаа ч нөгөө талдаа эрэлт үүссэнээр орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлдгийг БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд өнөөдөр тус яамнаас хийсэн мэдээллийн үеэр тодотголоо. Мөн барилгын материалын үнэ нэмэгдсэн нь орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлж буйг онцоллоо.

БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, барилгын салбарт улсын төсвөөс хэрэгжиж буй төслүүдэд материалын үнийн өөрчлөлт төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд удаашрах зэргээр сөргөөр нөлөөлж байна. Манай яам жил бүр үнийн индексийг гаргадаг. Энэ жил 1.45 хувийн өөрчлөлт гарсан гэв. Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Барилгын компани, ААН-үүдээс төр, засагт хандан тавьсан шаардлагыг хэрхэн биелүүлэх боломжтой вэ?

-Бид судалсан. Өмнө нь Засгийн газар дээр энэ талаар ярьсан. Гол санал нь цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөл дээр ААН-үүдийн саналыг тусгах, мөн тендерийн баталгаа 5 хувийг арилжааны банканд байршуулах. Үүний дараа гүйцэтгэлийн баталгааг тэглэе гэж байгаа. Өмнөх хуулиараа бол урьдчилгаа аваад ажлаа хийнэ гэсэн баталгаа өгдөг байсан. Харин одоо ажлаа дуусгаад санхүүжилтээ авдаг болох юм. Ингэснээр арилжааны банкан дээрх хүүг тооцохгүй, санхүүжилт, хөрөнгийн тодорхой хувийг барилга угсралтынхаа ажилд зарцуулах боломжтой гэдэг саналыг хүргүүлсэн.

-Барилгын материалын үнэ буурах уу?

-Хэд хэдэн бодлого хэрэгжүүлж байгаа. ШӨХТГ дээр Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг оруулж ирж, үйлдвэрлэж буй ААН-ийг тогтоохоор ажиллаж байна. Ингэснээр хуулиараа тухайн ААН-ийн үнийн хөөсрөлт, хэлбэлзлийг хянах боломжтой болно. Хоёрдугаарт, яамнаас УОК, НОК-оос дэмжихийг хүсч байгаа. Хил гааль дээрх материалыг аль болох түргэн яаралтай оруулж ирээч гэсэн. Жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй борлуулж буй барилгын материалын үнэ буурах боломжтой.

БХБЯ-наас гаргадаг үнийн индексээр барилгын материалын үнийн өсөлт энэ жил 1.45 хувийн өссөн байна.

Барилгын материал үнэ өссөн талаарх судалгаагаар материалын үнэ 40 хувь нэмэгдэхэд шинэ орон сууцны үнэ 20 хувь өсөж байна. 2020 онд орон сууцны нэг метр ам дөрвөлжин талбайн үнэ дунджаар 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая төгрөг болжээ. Энэ нь материал дагасан үнийн өсөлт аж.

Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд энэ оны 9 дүгээр сард 13 560 байр ашиглалтад оржээ. Одоо барьж байгаа 32 мянган орон сууц байгаагаас ирэх онд 12 мянга нь ашиглалтад орох аж.

Сэтгэгдэл бичих