/Anadolu/. Турк улсад иргэдийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн вакцинжуулж эхэлснээс хойш 112.05 сая орчим тун вакцин тарьсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас баасан гарагт мэдээлжээ.
Тодруулбал, 54.43 сая гаруй хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн бол 46.04 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагджээ. Түүнчлэн 10.71 сая гаруй хүнд вакцины гурав дахь тунг тарьжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 30201 тохиолдол шинээр илэрч, 188 хүн коронавирусний улмаас нас баржээ. Мөн хугацаанд 360115 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна.
"Хэвийн амьдралдаа эргэн ороход та бүхнээс шалтгаалах зүйл бол болгоомжтой байж өөрийгөө халдвараас хамгаалах явдал юм" гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа “Twitter” хуудсандаа дурдаад, хүн бүрийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалжээ.