/Reuters/. Италид тус улсын Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийн дагуу 60-аас дээш насныханд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг бямба гаргаас эхлэн тарьж эхэлжээ.
“Pfizer/BioNTech”-ийн вакцины нэмэлт тунг 18 болон түүнээс дээш насны, хоёр тунгаа хийлгэснээс хойш наад зах нь зургаан сарын хугацаа өнгөрч буй хүмүүст хийх боломжтой” гэж Европын Эмийн агентлагаас /EMA/ энэ сарын эхээр мэдэгдсэнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.
"Европын Эмийн агентлагийн хамгийн сүүлийн хэлэлцүүлгийг харгалзан үзэж, манай улс 60-аас дээш насны хүмүүст вакцины гурав дахь тунг хийхээр боллоо" гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
Энэ оны есдүгээр сарын сүүлээр тус улсад эрсдэлт бүлгийн хүн ам буюу 80-аас дээш насны хүмүүс, асрамжийн газрын оршин суугчид, эрүүл мэндийн ажилтнуудыг “Pfizer/BioNTech” болон “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамруулж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Италид халдварын тархалт буурсаар байгааг тус улсын Эрүүл мэндийн хүрээлэнгээс /ISS/ танилцуулсан долоо хоног тутмын мэдээлэлд харуулжээ.
Италид үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш одоогийн байдлаар тус улсын 12-оос дээш насны хүн амын 79.9 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 43 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагджээ.