УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа.
СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын ирцийг https://turnout.gec.gov.mn/ хаягаар шууд дамжуулан хүргэсэн. Уг цахим хуудсанд мэдээлснээр 22.00 цагт урьдчилсан байдлаар Хэнтий аймагт ирц 34.58 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 39.42 хувь байлаа. Энэ нь ирцийн эцсийн мэдээлэл биш бөгөөд Хэнтий аймгийн зарим хэсгийн хороо ирцийн мэдээллийг шууд хүргэх боломжгүй байгаа юм. Дээрх хэсгийн хороодын мэдээлэл ирсний дараа ирцийн мэдээллийг эцсийн байдлаар танилцуулна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ирц 50 хувьд хүрээгүй тул СЕХ-ноос 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Ингэхдээ өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй иргэдийн саналыг авдаг байна.
Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмж, эцсийн дүнг гаргах юм. СЕХ-ноос өнөөдрийн санал хураалтын дүнг нэгтгэн, 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Үлдсэн саналын хуудсыг лацдан нэмэлт санал хураалтын үеэр ашиглах аж.
Ташрамд дурдахад, УИХ-ын нөхөн сонгууль явуулдаг болох заалтыг 1997 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлтээр оруулсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа нөхөн сонгууль зохион байгуулсан юм. Тодруулбал,
-1997 онд 21 дүгээр тойрог буюу Завхан аймагт Н.Энхбаяр /МАХН/ -72,63 хувийн саналаар,
-1998 онд 37 дугаар тойрог буюу Төв аймагт Ц.Өөлд /МАХН/-63,61 хувиар, 53 дугаар тойрог Дархан-Уул аймагт Д.Цэвээнжав /МАХН/-58,29 хувийн саналаар, 17 дугаар тойрог буюу Дорнод аймагт С.Оюун /Ардчилсан холбоо эвсэл/-83,60 хувийн саналаар,
-2001 онд 22 дугаар тойрог буюу Завхан аймагт Д.Туяа /МАХН/- 92,29 хувийн саналаар,
-2002 онд 11 дүгээр тойрог Булган аймагт Б.Өвгөнхүү /МАХН/– 41,10 хувиар, 36 дугаар тойрог буюу Төв аймагт С.Батболд /МАХН/- 51,44 хувиар,
-2005 онд 65 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт М.Энхболд /МАХН/ - 77,18 хувийн саналаар,
-2006 онд 46 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт Ө.Энхтүвшин /МАХН/ - 56,74 хувиар
-2009 онд 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт /МАХН/-60,37 хувийн саналаар УИХ-ын гишүүн болж байв.