НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Гуравдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа цахимаар оролцож, үг хэлэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр болон цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа цогц ажлыг танилцуулав. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртал, авилгыг багасгах зорилгоор 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байгааг тэмдэглэсэн байна.
Мөн энэ оны 4 дүгээр сард УИХ-аас Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь Азидаа анхдагч улс болсныг онцлоод НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дугаар чуулганаар баталсан Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн Ажлын багийн тайлангийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахаа нотолжээ.