Норвеги улсын нийслэлд болсон “Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл пүрэв гарагт өндөрлөж, манай баг нийт 6 хүрэл медальтай тэмцээнээ дуусгав.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 4 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлсэн амжилтаар 34 орноос 78 оноогоор 3 дугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо. Хамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа 2 дугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсч байна.
Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпын наадамд оролцсон тамирчдаас ганц нь ч Ослод ирээгүй, дан залуучуудаа илгээсэн Япон улс дундаршгүй ундаргатай гэдгээ харуулж 196 оноогоор тасархай тэргүүлсэн бол хүчирхэг бүрэлдэхүүнтэй АНУ 147 онооогоор аман хүзүүдэв.
Ташрамд дуулгахад, “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, 1 хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий 3 удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-д хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа.
Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан 3 дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 3 удаа болон түүнээс дээш медаль хүртсэн 6 дахь тамирчин /Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор/ болж байна.