Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна. Энэ долоо хоногт цэгүүдийн тоог дахин нэмж, 450 болгох юм. Цаашид 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөжээ.
“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийв. Энэ үеэр Ж.Батбаясгалан "Долоо хоногийн дотор шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ" гэсэн юм.
Дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, өдөр тутам мэдээллээ нэгтгэн, асуудлыг тухай бүрд нь шийдэж байхаар болов.
Хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдааг шуурхай удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас өчигдөр байгуулж, ахлагчаар нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг томилжээ.