Бэсүдэй Н.Нагаанбуу /агсан/, Холбоос Т.Баярхүү нарын
"Монгол ухаан 9- н эрдэм" номоос
Идеализм материализм хоёул өрөөсгөл
Идеализм бол хөрөнгөтний утопи онол гэж коммунист сургалт номлодог байв. Тэгвэл идеалистууд нь материализмыг коммунизмтай нь хамт харгис хэмээн шүүмжилнэ. Энд элдвийн номноос янз бүрийн эрдэмтний онол эши дурдаж болох ч энэ тэмцэл,энэ ялагдал худлаа гэдгийг өнөөгийн хүн төрөлхтний амьдрал харуулсаар, баталсаар монголчуудын "гурвал ухаан" төрөлх жамаараа үгүйлэгдсээр. Орчлонт дэлхийг хэд дахин бутаргаж хорвоогийн нийт амийг бусниах хүч агуулсан үй олноор хөнөөх зэвсэг хараалсан, туйлшралд хүртлээ дайсагнасан, ертөнцийг хоёр сурталд хуваасан түүхийн тэрсэл үргэлжилсээр. Гуравдагч ертөнцийн орнууд гэж ялгарах оролдлого байсан ч онолгүй дуализм төдий эсвэл империализмын юмуу коммунизмын сүүдэр бараадахаас хэтэрсэнгүй. Дээрх хоёр сургаал өрөөсгөл учраас хоёул харгис аж. Тэд өрөөсгөлдөн муу муухайгаа дуудалцаж өрөөлтэй хамт өөрийгөө төдийгүй бүхнийг устгахад бэлэн байдгаараа харгис юм. Монгол" их засаг" хуулийн заалтыг дахин дурсахад: -тэмцэлдэгч хоёр этгээдийн нэгийг нь дэмжвэл яллана- гэсэн утга нь гурвал ухааны эртний хэв ёсыг хуульчлан уламжлуулсан эзэн Чингисийн маань ухаан байлаа. Дээдсийн онол эрдмүүд бидний ухаанд хадгалагдаж байсан бол" материализм ёстой зөв, идеализм үнэхээр буруу хэмээн дуугарч үл болох байжээ. Яагаад гэвэл энэ нь европийн " тэмцэлдэгч хоёр этгээд" -ийн хоёрол ухаан тул нэгийг нь дэмжиж нөгөөг нь адлаж үл болох байв. Гээндээ ч бий. Гоондоо ч бий хэмээн эргэцүүлэх ёстой байлаа. Гурван хүн ам авалцан зөвшөөрсөн хэргийг хаа ч өгүүл! Тийм бус бол итгэж үл болно. Гэх цаазыг бид мартсан байв. Ерөөс монгол их гүрний доройтон буурсан шалтгаан нь өөр юунд ч биш гагцхүү мандан бадрах хөгжлийн шалгарсан сонгомол онолуудаа хөсөрдүүлсэнд, мартсанд байна. Бид ихсийн ёсонд тэрсэж материализм, коммунизмыг даган хөөрцөглөж хохирч ягтаснаар үл барам туйлдахын эрхээр"шинэ сэтгэлгээ" хэмээн амёрикизмийг олж өдгөө сүжирч суух.
Хоёрын дунд урван шарвасан өөрийн ухаангүй, өрөөлийн үзэл дагасан энэ шившиг нь гурвал ухаанаа мартаж алив зүйлийн амийг таних, тунгаах, шинжих, тэмдэглэх, дохиолох удамшлаа алдан будангуйрсных юм. Дээрхи хоёр онол амийг үл дээдэлсэн тул алдаатай харгис гэж ухаж бодсонгүй. Хорыг хороор хэмээн нээлт хийж хүчит антибиотек хөгжүүлсэн нь матери биеэ ч , ухаан санааг ч мөхөөж аминд алсын аюул учруулсаар. Амь гэж юу байдгийг үл мэдэгсэд амийг бус материйг анагаах гэж мугуйдлах. ХХ- зуун " хоймсон сэтгэлгээ, дутуу сэтгэцээ" үл мэдэн манан дундаа төөрсөөр. Биегүй амь, амьгүй ухаан санаа, мэдрэхүй санаагүй бие гэж үгүй. Эсрэг хүйстнээ хүсэмжлэх, үрээ хайрлан өсгөх, ижлээ эрхэмлэх, бүлээр нэгдэх нь сэтгэлийн үйл, хоолоо эрж олох булаалдан тэмцэх, үрдээ хоол зөөх нь санаа юмсанжээ. Ухаан санаа биш амь л орчлонгийн амин сангаасаа ган зуд, газар хөдлөл зэрэг ёр зөнг хүлээн авдаг амин дохиололтой билээ. Түүнийг нь санаа бие хоёр мэдээлэл болгон хүлээж авдаг. Би 1963 онд төрсөн ч 1962 онд үүсээгүй, эцэг эх маань 1929 онд үүсээгүй, 13- р зуун, Хуянь гүрний иргэн, хүй нэгдлийн үеийн хүн, хүний үүслийн эхлэл хязгааргүй он цагийн түрүүч сая сая жилийн үргэлжлэл, амь үр минь мөнх. Матери ба амь мөнх юм бол ухаан санаа ч мөнх. Мөнх тэнгэр хэмээх нь энэ гурвал болой.
Үргэлжлэл бий...