Дэлхий даяар 6.4 тэрбум гаруй тун вакцин тарьжээ

оруулсан Алсын Хараа

/Bloomberg/. Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт үргэлжилсээр байна. Ийнхүү дэлхийн 184 улс оронд 6.41 тэрбум гаруй тун вакцин тариад буйг “Bloomberg” агентлагийн тоон мэдээлэл харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар өдөрт 28.7 сая тун вакцин тарьж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 6.41 тэрбум тун вакцин тариад буй нь дэлхийн нийт хүн амын 41.7 хувийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх юм. Гэвч улс орнуудын вакцинжуулалтын түвшин өөр хоорондоо эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, өндөр орлоготой улс орон, бүс нутгуудын хувьд хүн амаа бага орлоготой улс орнуудаас 20 дахин хурдан вакцинжуулж байна.

Улс орнуудыг "COVID-19"-ийн вакцинжуулалтын түвшнээр өнгөөр ялган үзүүлсэн байдал

Дэлхийн хэмжээнд өдөрт 28 739 500 тун вакцин тарьж буй хурдаар тооцоолбол хүн амын 75 хувийг вакцинжуулахад дахин зургаан сарын хугацаа шаардагдана. “COVID-19”-ийн вакцинжуулалт өндөр байгаа газруудад халдварын үзүүлэлтүүд буурч байна. Одоогийн байдлаар, 51 газар нутаг хүн амынхаа дор хаяж 60 хувийг “COVID-19”-ийн вакцины хангалттай тунд хамруулаад байна.

Хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 98.6 хувь вакцинд бүрэн хамрагджээ. Түүний араас Куба, АНЭУ, Уругвай, Бахрейн, Чили, Израил, Катар, Мальта, Сингапур, Эх газрын Хятад, Исланд, Португал, Сейшелийн арлууд, Оман, Дани, Испани, Канад, Камбож, Франц, Бельги, Норвег, Ирланд, Бутан, Итали, Монгол, Их Британи, Финланд, Сан Марино, Малайз, Нидерланд, Япон, Швед, Турк, Кипр, Андорра, БНСУ, Герман зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.

Сэтгэгдэл бичих