Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүд хэвийн ажиллаж байна.
Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн долоо хоногт 281 цэгээр борлуулж байсныг 100-гаар нэмэгдүүлээд байгаа. Ирэх сарын нэгнээс 600 гаруй цэгт шахмал түлшийг худалдана. Ингэхдээ Засгийн газраас 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл зарах юм.
Сүүлийн үед цаг агаар хүйтэрч буйтай холбоотой сайжруулсан шахмал түлшний эрэлт, борлуулах цэгийн ачаалал нэмэгдээд байгаа. Нөхцөл байдал ямар байгаа талаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороон дахь сайжруулсан түлш борлуулах 198 дугаар цэгийн борлуулагч Г.Нараагаас тодрууллаа.
-Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн ачаалал хэр байна вэ?
Түлшний борлуулалт хэвийн, ачаалалгүй, жирийн үеийн горимоор л явж байна даа.
-Танайх одоогоор хэдэн тонн нөөцтэй, өдөрт хэдэн шуудайг зарж байна вэ?
Өчигдөр орой 5 тонн шахмал түлшний үлдэгдэлтэй байсан. Өглөө 5 тонныг нэмж аваад өнөөдөр 10 тонн түлш зарж байна.
-Шахмал түлшний хомсдол үүссэн гэсэн мэдээлэл гарч байна. Танайд байдал ямар байна?
Өнгөрсөн хэд хоногт гэнэт хүйтэрснээс түлшний хомсдол үүссэн байх. Манай цэгийн хувьд энэ сарын гуравнаас ажиллаж эхэлсэн. Одоогоор хомсдоод, очерлож дугаарлан, ачаалал үүсгэсэн зүйл алга даа.
-Он дуусаад түлшний үнэ нэмэх байх гэсэн таамаглалаар иргэд бөөндөж авснаас хомсдол үүссэн байж болох уу?
Хүмүүсийн хардлагатай холбоотой болов уу гэж бодож байна. Учир нь амьдралын нөхцөл байдал, янз бүрийн шалтгааны улмаас тухайлбал, өндөр настай айлын түлшийг 2-3 хоногоор авах, хөрш айлууд нэг жижиг машинаар хамтдаа ирж авах зэргээр бөөнөөр авч байгаа мэт харагдах ганц нэг тохиолдол бий. Үүнийг хөндлөнгөөс харсан хүмүүс л бөөндөөд авчихлаа гэж харддаг байх. Бид зохих журмын дагуу нэг өрхөд зургаан шуудайг картаар олгож байгаа. Картаар нүүрсээ худалдаж авдаг болоод бараг гурав дахь жилээ болж байна. Одоо энэ зарчмыг ойлгохгүй, мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз дээ.
Сайжруулсан шахмал түлш худалдан авч буй Д.Билгүүнтулгаас түлшний хангамжийн талаар лавлахад, “Өнгөрсөн долоо хоногт гэнэт хүйтрэх үеэр түлш хайгаад олдохгүй байсан. Энэ цэг гэхэд ажиллаагүй, жаахан хүүхэдтэй болохоор ийш тийш нэлээн явсан даа. Энэ долоо хоногт борлуулах цэг нэмэгдсэн юм шиг байна. Гадаа ч дулаан байна, гэхдээ 6 шуудай нүүрсээ аваад л явж байна даа" хэмээсэн юм.
Нийслэлийн 57 дугаар сургуулийн ойролцоох, цэгийн борлуулагч Б.Өнөрмаагаас түлшээ зарж байгаа эсэхийг тодруулахад, “Манайх Налайхын нүүрс зардаг байсан юм. Өнгөрсөн жилээс сайжруулсан шахмал түлж зарж байна. Энэ жилийн тухайд түлш борлуулах хүсэлтээ өгчихөөд хариугаа хүлээж байна. Манай дэлгүүрээр түлш асуусан иргэд их орж ирэх юм. Нэг шуудай модыг 6500-7000 төгрөгөөр зарж байна. Миний ойлгож байгаагаар Тавантолгой түлш компани эхний ээлжинд их хэмжээгээр, дараа нь дундаж хэмжээгээр борлуулдаг цэгүүддээ өгөөд байх шиг. Манайх шиг жижиг цэгүүдэд дараагийн ээлжинд өгөх байх гэж хүлээгээд сууж байна. Бид өдөрт 5 тонн шахмал түлш буюу 200 шуудайг л авч зардаг юм” гэлээ.
НЗДТГ-аас хоёр хоногийн өмнө сайжруулсан шахмал түлшний 74 мянган тонны нөөцтэй байгааг дурдаад, өнгөрсөн оны мөн үед 1700-2000 орчим тонн түлш өдөрт хэрэглэж байсан бол энэ тоо одоогоор 3200 тоннд хүрээд байгааг мэдээлж байв.
Үүнээс үүдэн борлуулах цэгийн тоо хүрэлцэхгүй байгааг 100-гаар нэмсэн, шаардлагатай бол дахиад нэмнэ, ирэх сарын нэгэн гэхэд 600-800-д хүргэнэ гэдгийг Эрчим хүчний сайд мөн л хэвлэлийн хурлын үеэр онцолж байсан юм.
“Тавантолгой түлш” компани өдөрт 2800 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд нийслэлд хүйтнээс хамаараад сард дунджаар 50-110 мянган тн-ыг хэрэглэдэг аж. Тус компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр, зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам ажиллаж байна. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн”-ийг мэдээлсэн юм.