Манай улс энэ сард ОХУ-аас 54 мянган тонн шатахуун авна

оруулсан Алсын Хараа

Нийслэлд өнөөдөр АИ-92 автобензины тав хоногийн нөөц байна. Цаашид энэ нөөц өдөр өдрөөр нэмэгдэх тул шатахуун хомсдох эрсдэл үүсэхгүй гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээлэв.  

Тодруулбал, манай улсад энэ сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр тохирсон байна. Мөн өчигдөр БНХАУ-аас 58 чингэлэг автобензин орж ирсэн бөгөөд өнөөдөр найм нь Улаанбаатар руу хөдөлжээ. Үлдсэн 50 чингэлгийг Шингэн түлш шилжүүлэн ачих газарт шилжүүлэн ачиж байгаа юм. 

Өчигдөр шатахууны хомсдол үүссэн гэх ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд мэдэгдэл гаргасан гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа. 

Ташрамд дурдахад, Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Есдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэрт засвар хийсэнтэй холбоотойгоор манай улсад нийлүүлэх шатахуунд хязгаарлалт тогтоосон. Тиймээс шатахууны нөөц бүрдүүлэх хүрээнд импортлогч таван аж ахуйн нэгж БНХАУ-аас 700 гаруй чингэлэг буюу 33 мянга 300 тонн АИ-92 бензин авахаар захиалга хийсэн юм. Түүнийг нь хилээр яаралтай татан оруулах ажлыг Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу холбогдох байгууллагууд гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл бичих