Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний нэг сарын нөөцтэй байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 71.4 тоннын нөөцтэй байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Энэ нь оргил ачааллын үед 15 хоног, бага ачааллын үед нэг сарын хэрэглээний нөөц аж. Өнгөрсөн онд 58 мянган тонн түлшний нөөцтэйгөөр өвлийн их ачааллыг давж байжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Түлш үйлдвэрлэхэд ордог барьцалдуулагчийн 1 сарын нөөц байна. Цаашид нөөцөө тогтвортой бүрдүүлээд явах тул сайжруулсан шахмал түлшний хомсдолд орсон гэж үзэж болохгүй. Саяхан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд дараалал үүссэн. Энэ нь огцом хүйтэрсэнтэй холбоотой. Тиймээс борлуулалтын цэг 280 байсныг 420 болгож, дарааллыг багасгасан. Ирэх сарын 1 гэхэд борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэнэ” гэлээ.

Мөн тэрбээр “Таван толгой түлш” компанид үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлахдаа, “Энэ компанийн ажилтнуудын цалин нэг сая төгрөг байгаа. Үүн дээр сарын урамшуулал нь ажлын үзүүлэлтээс хамаараад нэг сарын үндсэн цалинтай тэнцэхүйц хэмжээнд байдаг. Өнгөрсөн сард үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх урамшуулал олгосон. Ингэхдээ цалингаа хоёр хувааж олгосноос үүдэн ажилтан, ажил олгогч нарын дунд үл ойлголцол үүссэн байна. Өнөөдрийн байдлаар үр дүнгийн шагналыг бүрэн олгосон” гэлээ.

Сэтгэгдэл бичих