Японы зүүн хойд нутагт газар хөдөлжээ

оруулсан Алсын Хараа

 /Kyodo/. Японы зүүн хойд нутагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн гэмтэж бэртсэн ч цунамийн аюул нүүрлээгүй, байшин барилга ноцтой эвдэрч сүйдээгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд лхагва гаргийн 2:46 цагийн орчимд болсон газар хөдлөлтийг таваас дээш түвшинд ангилсан байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Иватэ мужийн эргээс холгүй 56 километрийн гүнд байжээ.

Газар хөдөлсний дараа “Tohoku” цахилгаан эрчим хүчний компани Аомори, Мияги муж дахь атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна. Цаг уурын агентлаг эхэндээ 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлж байсан ч хожим нь 5.9 болгон бууруулжээ.

Мөн хойд нутгийн Хоккайдо арлын зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Цаг уурын мэргэжилтнүүд долоо хоногийн дотор дахин газар хөдөлж болзошгүйг, мөн ойрын хоногуудад эрсдэл хамгийн өндөр байгааг сэрэмжлүүлжээ.

Сэтгэгдэл бичих