Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны аравдугаар сар хүртэл хэрэгжүүлсэн ажлын тайланг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайд С.Амарсайханд өнөөдөр танилцууллаа.

Уг төсөл нь Шадар сайдын  эрхлэх ажлын хүрээнд хамаардаг. Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 12 дугаар сард ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн  Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ныхуралдаанаар ОХУ-ын “Газпром” НХН-тэй “Эрмэлзлийн санамж бичиг”-ийн төслийн талаар оросын талтай хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд  “Эрдэнэс Газ” төслийн нэгж  байгуулсан юм. Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлыг хийж байна. “Эрдэнэс Монгол” ХХК, “Газпром” НХН-ийн удирдлагууд тогтмол цахим хурал хийж, ажлын уялдаагаа хангаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа  Шадар сайдад мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолойн төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд  “Газпром” НХН-ийн удирдлагуудтай цахимаар уулзалт хийх бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих