/RT/. Франц, Испани, Чех, Румын, Грек гэсэн Европын Холбооны /ЕХ/ таван улс Европт хийн үнэ огцом өссөний шалтгааныг шалгахыг уриалжээ.
Тус улсуудын Эдийн засаг, санхүүгийн сайд нарын хамтарсан мэдэгдлийг Францын Эдийн засгийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Уг мэдэгдэлд, "одоогийн хийн гэрээ яагаад хангалтгүй байсныг ойлгохын тулд Европын хийн зах зээлийн үйл ажиллагааг шалгах шаардлагатай байгааг" дурджээ.
Сайд нарын үзэж буйгаар, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг ба хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ хоорондын хамаарлыг сайжруулахын тулд Европын цахилгаан эрчим хүчний зах зээлийг шинэчлэх шаардлагатай байна.
Түүнчлэн үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд хийн нөөцийн талаар нийтлэг журам тогтоохыг уриалжээ. Мэдэгдэлд мөн эрчим хүчний тарифыг ЕХ-нд одоо хэрэгжиж буй хорт утааны арилжааны системтэй холбох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь нүүрсний өртгийг нэмэгдүүлэх тул цахилгаан эрчим хүчний ногоон эх үүсвэрт шилжих ажлыг хурдасгана гэж үзэж байгаа аж.
Он гарснаас хойш Европт хийн үнэ тогтвортой өсөж байгаа бөгөөд фьючерс хэлцлийнх нь үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өсжээ. Наймдугаар сарын эхээр Нидерландын TTF биржийн индексээр ойрын саруудад нийлүүлэх хэлцлийн үнэ 1000 шоо метр нь 515 орчим ам.доллар байсан бол есдүгээр сарын эцэс гэхэд хоёр гаруй дахин нэмэгдсэн байна. 10 дугаар сарын 5-ны мягмар гарагт фьючерс хэлцлийн үнэ 1450 ам.доллароос давж, дээд үзүүлэлтэд хүрчээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь Европын хий хадгалах байгууламжуудын нөөц багассан, гол ханган нийлүүлэгчдээс нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа болон Азид байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт их байгаатай холбоотой байна.