/Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 6 хувьтай байна хэмээн долоодугаар сард урьдчилан таамаглаж байсан бол өр, инфляц, эдийн засгийн ялгаатай байдлыг харгалзан үл ялиг бууруулах төлөвтэй байгааг тус сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдээлэв.
Түүний хэлснээр, дэлхийн эдийн засаг эргэн сэргэж байгаа боловч олон орон “COVID-19”-ийн хангалттай вакцин татан авч чадаагүй байгаатай холбоотойгоор цар тахлын үр дагавар үргэлжилсээр байх төлөвтэй байгаа нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болоод байна.
“Ирэх долоо хоногт танилцуулах Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн шинэчилсэн тайланд хөгжингүй орнуудын эдийн засаг цар тахлын өмнөх түвшиндээ 2022 онд эргэн очно гэж таамаглаж байна. Харин хөгжиж буй дийлэнх орнуудын хувьд эдийн засаг нь сэргэхэд “илүү олон жилийн хугацаа” шаардагдах төлөвтэй байна” гэж К.Георгиева Италийн “Bocconi” их сургуульд цахимаар үг хэлэх үеэрээ цохон тэмдэглэжээ.
“Цар тахал болон түүний нөлөө дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хойш татаж байна. Эдгээр нь хөлөнд зүүгдсэн туухай адил урагш алхахад саад болж байна” хэмээн тэрбээр нэмж хэлэв. Түүний ярьснаар, АНУ, БНХАУ эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрүүд хэвээр байгаагийн зэрэгцээ Итали, Европын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн бусад хэсэгт нөхцөл байдал хүнд байна.