/China Daily/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2022 онд болох өвлийн Олимп, Паралимпын наадмын туршилтын тэмцээнүүдийг энэ сараас эхлүүлэн зарим тэмцээнийг танхимын үзэгчтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа тус наадмыг зохион байгуулагчид даваа гарагт мэдээлэв.
Тодруулбал, 10 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 31-ны хооронд Бээжин, Яньчин дүүрэг, Жанжякоу хот дахь гурван тэмцээний бүсэд олон улсын 10 тэмцээн, бэлтгэл сургалтын гурван долоо хоног, дотоодын хоёр туршилт явуулах ажээ.
Эдгээр үйл ажиллагааны хүрээнд гүйлтийн тэшүүр, скелетон, чарга, уран гулгалт, керлинг, тэргэнцэртэй керлинг, бобслей, мөсөн хоккей зэрэг спортын тэмцээнүүдийг зохион байгуулах бөгөөд керлинг, мөсөн хоккейн тэмцээнд зөвхөн дотоодын тамирчид оролцоно.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, эдгээр тэмцээнийг зорин гадаадын тамирчид, төлөөлөгчид тэргүүтэй 2000 орчим хүн БНХАУ-д ирэх төлөвтэй байгаа бөгөөд ирсэн даруйдаа байрлаж буй газраасаа хамааран холбогдох дүрэм журмуудыг мөрдөх шаардлагатай байна.
“Өмнө жил явуулсан туршилтуудаас хуримтлуулсан туршлагадаа үндэслэн наадмын стандартыг хангахын тулд бид бүх хүчин зүйлийг туршина. Мөн “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг боловсруулан хэрэгжүүлж, наадмын бэлтгэлийг сайтар хангах болно” гэж “Бээжин-2022” наадмын менежментийн асуудал хариуцсан дарга Яо Хуй мэдэгджээ.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, наадмын салшгүй хэсэг болсон туршилтын тэмцээнүүд нь Бээжингийн Олимп, Паралимпыг төлөвлөсний дагуу аюулгүй, амжилттай зохион байгуулах үндэс суурь болохыг тодотгосон байна.