/France24/. Европын Эмийн агентаг /EMA/ “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг 18 болон түүнээс дээш насныханд тарихыг даваа гарагт зөвшөөрчээ.
Мөн “Moderna”, “Pfizer”-ийн вакцины нэмэлт тунд дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүсийг хамруулах зөвшөөрөл олгосон гэдгээ Амстердам хотноо төвтэй тус агентлаг мэдээлжээ.
“Comirnaty” буюу “Pfizer/BioNTech”-ийн вакцины нэмэлт тунг 18 болон түүнээс дээш насны, хоёр тунгаа хийлгэснээс хойш наад зах нь зургаан сарын хугацаа өнгөрч буй хүмүүст хийх боломжтой” гэж “EMA”-ийн мэдэгдэлд дурджээ.
Тийнхүү “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихтай холбоотой шийдвэрийг улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд гаргана гэдгийг онцлон тэмдэглэв.
Тус агентлагийн эмийн бүтээгдэхүүний чанар хариуцсан мэргэжилтнүүд “Comirnaty” вакцины нэмэлт тунг тарих үед эсрэг биетийн түвшин нэмэгдсэн талаарх мэдээллийг нарийвчлан үнэлсэн байна.
“EMA”-ийн мэдээлснээр, нэмэлт тунд хамрагдсаны дараа зүрхний үрэвсэл гэх мэт өөр бусад ховор гаж нөлөө илрэх эрсдэл ажиглагдаагүй бөгөөд үүнийг нягт ажиглаж байгаа ажээ.
Харин дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүсийн хувьд хоёр тун вакцин хангалттай хэмжээний эсрэг биет үүсгэхгүй байж магадгүй тул хоёр дахь тунгаа хийлгэснээс 28 хоногийн дараа “Moderna”, “Pfizer”-ийн нэмэлт тунд хамрагдахыг зөвшөөрсөн байна.