Хээрийн сургуульд монгол, орос 1600 цэрэг 300 техниктэй оролцлоо

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль Монгол Улсын Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн төвд өчигдөр болсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл явцтай нь танилцсан юм.

Тус хээрийн сургууль нь Монгол ардын хувьсгал, орчин цагийн зэвсэгт хүчин үүссэн, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жил, чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойн хүрээнд болж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хоёр орны дипломат харилцааны  100 жилийн ой тохиож буй цаг үед “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль зохион байгуулж байгаа нь түүхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо.  Мөн энэ жил сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулах” сэдвийн хүрээнд явуулсан нь хоёр улсын Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, болзошгүй террорист үйлдлийн эсрэг сөрөг ажиллагаанд бэлтгэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн ахиц гарсныг тэмдэглэв.

Хээрийн сургуулийн үйл явцтай танилцах үеэр, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе П.Г.Анисов, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн орлогч дарга М.Я.Носулев нарын албаны хүмүүс байлцав.

“Сэлэнгэ 2021” хээрийн сургуульд Монгол Оросын 1600 гаруй цэргийн алба хаагч байлдааны 300 гаруй текник, хэрэгсэл,  МИ-24 загварын найман нисдэг тэрэгтэй оролцлоо.

Хээрийн сургуулийн зорилго нь хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулахад туршлага солилцох,  хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах үеийн удирдлага, харилцан ажиллагаа, бүх талын хангалтыг зохион байгуулах захирагч, штабын дадлагыг төгөлдөржүүлэхэд чиглэснийг албаныхан тэмдэглэв.

Хээрийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга Бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн орлогч хошууч генерал Абдулхаджиев Р. М нар удирдав.

“Сэлэнгэ 2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Дархан 1, 2, 3” сургуулиас үүсэлтэй юм байна.

Сэтгэгдэл бичих