Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Нийслэлийн хэмжээнд Өнөөдрийн байдлаар 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Ийм хэрэгцээг хангахуйц нөөцийг бид бүрдүүлсэн.
Сүүлийн үед сайжруулсан түлшний эрэлт нэмэгдсэн шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Мөн энэ жилийн хувьд хэрэглээ өсөж байна. Нэгдүгээрт төрөөс төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотой, хоёрдугаарт сүүлийн хэдэн өдөр цочир хүйтэрсэнтэй холбоотой. Мөн зарим айлуудад карт давхардаж олгогдсонтой холбоотойгоор хэрэглээ нь өссөн.
Өнгөрсөн оны мөн үед 1,700-2,000 орчим тонныг өдөрт хэрэглэж байсан бол өнөөдрийн байдлаар 3,200 тонн сайжруулсан түлш хэрэглэж байна.
Одоо 280 цэг ажиллаж байгаа ба цэгийн тоог 100-гаар нэмэгдүүлж, нийт 380 цэгээр сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг хийж эхэлнэ. Шаардлагатай бол цэгийн тоог дахиж нэмнэ.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-н гэхэд борлуулах цэгийн тоо дээд хэмжээнд хүрдэг бөгөөд энэ жил 600-800-гийн хооронд цэгийн тоог барихаар төлөвлөсөн.
Шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн энэхүү хөнгөлөлт 2021 оны долоодугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд санаа зоволтгүй" гэв.