/BBC/. Нобелийн хороо энэ оны анагаах ухааны шагналыг амьд организмууд температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан эрдэмтэн Дэвид Юлиус, Ардем Патапутян нарт олгосон байна.
Шагналын эздийг зарлах арга хэмжээг цахимаар явуулсан бөгөөд Нобелийн хорооны цахим хуудсаар шууд дамжуулжээ.
Нобелийн хороо Юлиус, Патапутиан нарын нээлтийг чухал нээлт гэж үзжээ. "Энэ оны шагналтнууд температур эсвэл механик хүч нь ертөнцийг танин мэдэрч, дасан зохицох боломжийг олгодог мэдрэлийн импульсийг хэрхэн өдөөдөг болохыг бидэнд ойлгуулсан" гэж хорооноос мэдэгдэв.
Энэхүү технологийг анагаах ухаанаас эхлээд виртуал бодит байдал, робот техник хүртэл янз бүрийн салбарт ашиглах боломжтой байна. Тэд биохимийн урвалыг өдөөж, дулаан, хүйтэн, хүрэлцэх мэдрэмжийг үүсгэдэг рецептор молекулуудыг нээжээ.
Жулиус 1955 онд Нью -Йоркт төржээ. 1984 онд Беркли дэх Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд дараа нь Сан-Франциско руу нүүж, одоог хүртэл тэндээ ажиллаж байгаа аж.
Патапутиан 1967 онд Ливаны нийслэл Бейрут хотод төрсөн бөгөөд хожим нь Лос-Анжелес руу шилжин суурьшжээ. Лос-Анжелест тэрбээр Пасадена дахь Калифорнийн Технологийн дээд сургуульд диссертац хамгаалжээ. Патапутиан одоо Калифорни муж улсын Ла-Хойя дахь Америкийн ашгийн бус “Scripps Research” төвд ажилладаг байна.