Норвегийн нийслэлд үргэлжилж буй “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг жинд барилдсан “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Рохит Рохиттой барилдаж, цаг дуусахаас 20 секундын өмнө цэвэр яллаа. Т.Тулга ОХУ-ын бөхөд ням гарагт тун харамсалтай ялагдсан бол энэ удаа ямар ч хийгүй сайхан барилдаж, энэтхэг бөхийг ялж дэлхийн медальт бөх боллоо.
Өнөөдөр Ө.Батзул, Э.Гантуяа нар дагах барилдаан хийнэ. “Осло-2021” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүд тунаж үлдлээ.
Манай улсаас өнөөдөр 97 кг-д Өлзийсайханы Батзул Македоны Магомедгажи Нуровтой, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай тус тус ур чадвараа сорин барилдана. Тэд өрсөлдөгчдөө ялбал хүрэл медалийн төлөө хүчээ сорих юм.