/RT/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын дарга, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио тус улсын 100 дахь Ерөнхий сайд болсонтой холбогдуулан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг даваа гарагт танилцууллаа.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг сайд нарын танхимын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказу танилцуулсан байна.
19 сайдаас 13 нь анх удаа сайдын албыг хаших хүмүүс аж. Өмнөх Засгийн газраас хоёр хүн албан тушаалаа хадгалж үлдсэн нь Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо нар юм.
Сүга Ёшихидэгийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайдаар ажиллаж байсан Хагиуда Койти Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамыг удирдахаар болжээ. Тэрбээр мөн ОХУ-тай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хариуцна.
Японы шинэ Ерөнхий сайдын Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй орсон байна. Тодруулбал, эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Кишидатай өрсөлдсөн Нода Сейко төрөлт, бүс нутгийн асуудал хариуцсан сайдаар томилогджээ. Шинээр байгуулагдсан Дижитал шинэчлэлийг яамыг 44 настай Макишима Карэн удирдах бол 55 настай Хориучи Норикод коронавирусний вакцинжуулалтын асуудлыг хариуцуулсан байна.
Харин Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах асуудлыг хариуцсан сайд асан Сүзүки Сюнъючи Сангийн сайд болсон байна. Кишидагийн Засгийн газар мөн эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан сайдын шинэ албан тушаалтай болсон байна. Технологийн нууц алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү яамыг 45 настай Кобаяси Такаюки тэргүүлнэ.
Японы парламентын хоёр танхим өнөөдөр Кишида Фүмиог олонхын саналаар Японы шинэ, 100 дахь Ерөнхий сайдаар сонгожээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гараг болсон эрх баригч намын даргын сонгуульд ялсан юм. Өнгөрсөн онд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа огцорсны дараа Ерөнхий сайдаар томилогдсон Сүга Ёшихидэгийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор эрх баригч намын даргын сонгуулийг явуулсан юм.
2012-2017 онд Японы Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Кишидаг аядуу консерватив үзэлтэн гэж үздэг. Тэрбээр АНУ-тай стратегийн холбоо, мөн Японы батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийг дэмждэг хэдий ч улсынхаа Зэвсэгт хүчнийг алсын тусгалтай пуужин, цөмийн шумбагч онгоцоор тоноглох асуудалд болгоомжтой ханддаг байна. Кишида нь мөн дайны дараах тус улсын Үндсэн хуулийг шинэчлэх ЛАН-ын бодлогыг дэмждэг боловч дайны эсрэг заалтуудыг бүрэн шинэчлэх гэж яарах шаардлагагүй гэж үздэг байна.