АН: Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжлээ

оруулсан Алсын Хараа

 УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Хуулийн төслийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцууллаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд анх баталсан. Гэвч тус хууль нь бизнесийн байгууллагын өнөөгийн шаардлага, эрх ашгийг бүрэн хамгаалж чаддаггүй. Танхим нэртэй 60 гаруй ТББ байгууллага байгаа ч яг аль нь хувийн хэвшлээ бүрэн төлөөлөх нь тодорхойгүй гэх мэт олон асуудалтай байдаг аж. Цар тахлын дараа эдийн засгийн супер цикл эхлэхэд хувийн хэвшил зохион байгуулалтад орж бэлэн байх шаардлагатай. Тиймээс шинэ нөхцөлд тохируулан хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдгийг хууль санаачлагч тэмдэглэв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, хувийн хэвшил, хувиараа аж ахуй эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл Танхимд ямар оролцоотой байхаар төсөлд тусгасан эсэхийг асууж байлаа. Тэрээр, нийгэмд тулгамдаад байгаа зарим асуудлыг зөв олж харж тусгаж чадсаныг тэмдэглэж, гэхдээ хэдхэн том компанийн бус гарааны бизнес эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч нарын төлөөлөл, оролцоог илүү нэмэх шаардлагатайг санууллаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим илүү мэргэжлийн болж өөрчлөгдөж буйг сайшаахын зэрэгцээ хэт төвлөрсөн болж, мэргэжлийн холбоодтой зөрчилдөх асуудал гарах эрсдэлтэйг хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Ардчилсан нам, МАН зарчмын хувьд хоёр өөр үзэл баримтлалтай. Бид аль болох компани, хувийн хэвшлээ дэмжих замаар төрийн оролцоог багасгаж эдийн засгаа компаниудад түшиглээд хөгжүүлэх чиглэл барьдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөөг боох, төрийн бус байгууллагуудын оролцоог хязгаарлах тухай заалт байна. Танхимын хуулийг өөрчлөх цаг болсон. Мэргэжлийн холбоод замбараагүй болсон нь үнэн, цөөлөх нь зөв. Гэхдээ хувийн хэвшлийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг, хүчээр шийдэх, үндсэн эрхэд нь халдах хандлага байх шиг анзаарагдлаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, дээрх асуудлыг хөндөж байгаа нь зөв гэдгийг тэмдэглэдэ, хууль санаачлахын төлөө биш, үр дүнтэй сайн хууль болгохын төлөө цаашид ажиллахыг захилаа. Тэрбээр, "Мэргэжлийн холбоодыг цөөлнө гэж ярьж байна. Энэ яг өнөөдрийн тулгамдсан асуудал мөн үү. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах, төрөөс олгодог зөвшөөрлийг хувьд шилжүүлэх асуудал нэн чухал байна. Үүнийг эхэлж ярьвал зөв байлаа. Мөн хувийн хэвшлээ дэмждэг, хувийн өмчийг эрх чөлөө гэж үздэг Ардчилсан намын гишүүдээс хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллуулж, санал бодлыг нь тусгаж байхыг зөвлөе" гэв.

Ташрамд дурдахад, Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг улс орнуудын бизнес, хөрөнгө оруулалх орчны талаарх судалгаагаар, Монгол Улс 2016 онд 56-д эрэмбэлэгдэж байсан бол сүүлийн таван жилд энэ үзүүлэлт ухарч 81-д жагсаж байна. Энэ нь 25 байр ухарсан үзүүлэлт бөгөөд 2016 онд 282 гаднын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 79 болж буурчээ.

Сэтгэгдэл бичих