Дэлхийн улс төрчид оролцсон байж магадгүй оффшор бүс дэх үйл ажиллагааны талаарх баримт бичгүүдийг нийтэлжээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) дэлхийн олон улс төрчийн оффшор дансны мэдээлэл бүхий ойролцоогоор 11.9 сая баримт бичгээс авсан хэсгүүдийг ням гарагт нийтэлжээ.

Тус байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр, уг баримт бичгүүдийг “Pandora Papers”  буюу Пандорагийн баримт бичгүүд гэж нэрлэсэн байна.

Эдгээр баримт бичигт 45 орны 130 гаруй тэрбумтнуудын тухай мэдээлэл байгаа бөгөөд үүнд Оросын 46 иргэн багтжээ. Энэхүү баримт бичиг нь 90 гаруй орны 330 гаруй улс төрч, өндөр албан тушаалтнууд, түүний дотор 35 улсын удирдагчид хамаатай болохыг тус байгууллага онцлон тэмдэглэжээ. “Баримт бичгүүд Элчин сайд, хотын дарга, сайд, ерөнхийлөгчийн зөвлөх, генерал, төв банкны тэргүүн нартай холбоотой” гэж мэдээлэлд дурдсан байна.  ICIJ нь оффшор бүсэд ажиллаж буй 14 компаниас "2.94 терабайт нууц мэдээлэл" авчээ.

Мөрдөн шалгалтад дэлхийн өнцөг булан бүрээс 600 орчим сэтгүүлч оролцсон байна.

Вашингтонд байрладаг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум өмнө нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхийн одоогийн болоод хуучин удирдагчид, нэртэй улс төрч, бизнес эрхлэгч, тамирчин, менежерүүдийн оффшор данстай холбоотой мэдээлэл бүхий 11.5 сая баримт бичгээс мэдээлэл авч нийтэлж байсан билээ. "Панамын баримт бичиг" гэж нэрлэсэн энэхүү тайлан нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудад хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг Панамын “Mossack Fonseca” компанийн алдагдсан мэдээлэлд үндэслэсэн гэдгийг мэдэгдэж байсан юм.

2017 оны 11 дүгээр сард тус консорциум дэлхийн нэлээд олон орны улс төрчдийн санхүүтэй холбоотой 13.4 сая баримт бичгээс авсан хэсгүүдийг нийтэлсэн бөгөөд уг баримт бичгүүдийг “Paradise Papers” буюу “Диваажингийн баримт бичгүүд” гэж нэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих