/Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Сүга эрх баригч Либерал Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ есдүгээр сарын эхээр мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэ албан тушаалыг хашиж эхэлсэн билээ. 2012-2017 онд Абэ Шинзогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кишида Фүмио өнгөрсөн лхагва гарагт болсон намын даргын сонгуульд ялсан юм.
Японы парламент удахгүй шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалт явуулах бөгөөд үүний дараа Кишида засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулна.
К.Фүмио “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцох төлөвтэй байна
Японы дараагийн Ерөнхий сайдаар сонгогдох нь ерөнхийдөө тодорхой болоод буй Кишида Фүмио Италийн нийслэл Ром хотноо 10 дугаар сарын 30-31-нд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна гэж Засгийн газрын эх сурвалж ням гарагт мэдээлжээ.
Харин Шотландын Глазго хотноо 10 дугаар сарын 31-нээс эхлэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг алгасахаар төлөвлөж буйг мөн эх сурвалж мэдээлсэн байна.
Даваа гарагт болох парламентын ээлжит бус хуралдааны эхэнд Ерөнхий сайдаар сонгогдох төлөвтэй байгаа К.Фүмио “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй бусад улс орны удирдагчидтай хоёр талын уулзалт хийх төлөвтэй байгаа ажээ.
Италид хийх түүний айлчлал нь бүх нийтийн сонгуулийн кампанит ажлын албан ёсоор эхлэх хугацаа болон санал хураалтын өдрийг өөрчилж магадгүй байна.
Тодруулбал, К.Фүмио сонгууль явуулахын тулд Төлөөлөгчдийн танхимыг 10 дугаар сарын 14-нд тараахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газар, эрх баригч намын эх сурвалжууд сонгуулийн кампанит ажил 10 дугаар сарын 26-наас эхэлж, санал хураалт болон саналын хуудсын тооллого 11 дүгээр сарын 7-нд болно хэмээн таамаглаж байна.
Хэрэв үйл явдал дээрх таамаглалын дагуу өрнөвөл Ерөнхий сайд сонгуулийн кампанит ажил эхэлсэн даруйд хилийн чанадыг зорьсон ховор тохиолдол болно.
Эх сурвалжууд мөн сонгуулийн кампанит ажил 11 дүгээр сарын 2-ноос эхэлж, санал хураалт 14-нд болж магадгүй гэж таамаглаж байна. Ингэсэн тохиолдолд К.Фүмиогийн Италид хийх айлчлал кампанит ажлын хугацаатай давхцахгүй юм.