Э.Цэндбаатарын ДРАМА

оруулсан Алсын Хараа

Э.Цэндбаатар болон Монголын боксын холбоог тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл сар орчим хугацаанд өрнөж, ойлгомжгүй байдлаар өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ?

2021 оны есдүгээр сарын 5-ны өдөр. Монголын боксын холбоо ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, 100 хувийн саналаар шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгов. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон байна.

Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Монголын боксчдод зориулсан ордон барихаа амлав.

Есдүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө. Наран Плазад байрлах "New York Liberty" ресторанд ерөнхийлөгчөө сонгосон боксчид хоорондоо зодолджээ. Тодруулбал, ахмад боксчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар Э.Цэндбаатарыг зодсон аж. Зодуулсан даруйдаа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эрдэнэбатын Цэндбаатарыг энэ хоёр зодчихлоо. Өнөөдөр Монголын боксын гэр бүл гоё байсан шүү” гэж байв.

Есдүгээр сарын 9-ний өдөр. Монголын боксын холбооны албаны хүмүүс дээрх хэрэгтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарласан. Энэ үеэр Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:

-Бид дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Манай удирдах зөвлөл 19 гишүүнтэй.

  1. Серби улсад болох боксын ДАШТ-д оролцох сорилго хийж, удирдамж батлах
  2. Сорилго тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг нэрсийг батлах
  3. Сорилго тэмцээнд шаардагдах төсвийг батлах
  4. Монголын боксын холбооны багш, дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад авах арга хэмжээ, ёс зүйн хариуцлага

Дөрөвдүгээр асуудлын хүрээнд, шигшээ багийн тамирчин МУГТ Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас, мөн боксын холбооны шигшээ багаас хассугай гэжээ.

Гавьяат тамирчин М.Бадар-Ууган:

-Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна. Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Токиогийн олимпын өмнө Монголын үндэсний олимпын хороо сэтгэлзүйч, хоолзүйч, эмнэлзүйчдийг ажиллуулсан. Цаашдаа ажил болгоод явна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ ярья. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй. Би 2007 онд гарны гэмтэлтэй, жаахан эмчлүүлэхэд дараагийн тамирчид маань тэмцээнд орох гээд хүлээж байсан. Спорт ардчилалтай байдаг. Ямар нэгэн тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Ар араасаа дараагийн тамирчдыг нь бэлддэг.

Есдүгээр сарын 12-ны өдөр. Серби улсын Белград хотод болох сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэй ДАШТ-д оролцох сорилго тулаан болсон.

Эх орноо төлөөлөн боксын ДАШТ-д оролцох тамирчид:

  • 48 кг – ОУХМ Г.Ган-Эрдэнэ
  • 51 кг – ОУХМ Х.Энхмандах
  • 54 кг – Э.Баярсайхан
  • 57 кг – Б.Буяндалай
  • 60 кг – О.Тулга
  • 63 кг – Б.Төгөлдөр
  • 67 кг – Б.Чинзориг
  • 71 кг – О.Бямба- Эрдэнэ
  • 75 кг – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ

Э.Цэндбаатарын жинд О.Тулга сонгогдсон юм.

Есдүгээр сарын 12-ны өдөр. Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Юуны өмнө Монголын боксын холбооны шийдвэрт харамсахгүй байна. Тус холбооны шийдвэрээр миний дэлхийн аваргад л оролцох эрхийг хассан болохоос биш бокс тоглох эрхийг хасаагүй. Би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон боксын холбооноосоо уучлалт гуйж байна. Би өөрийнхөө алдаанаас болоод архи ууж, тамирчин хүний хувьд зөрчил гаргасан. Би ч тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцож, дэлхийн аваргад оролцуулахгүй байх шийдвэр гаргах байсан. Хоёрт нь, тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод, дараа нь бид Х.Нямбаатар ерөнхийлөгчтэй хоолонд орсон. Тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл байгаагүй. Зургаан цаг гэж хоолонд ороод, долоон цагт тарсан. Би дээд үеийн ах нартайгаа нийлээд тавуулаа өөр газар очиж, ууж идсэн. Тэгээд л ийм асуудал гараад ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай. Боксын холбооны шийдвэр зөв. Биднийг уулгасан зүйл байхгүй ээ. Намайг зодсон хоёр ахдаа гомдол санал байхгүй ээ. Маргааш нь би цагдаа хүчний байгууллага дээр очоод гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Архинаас л болсон. Тэр архийг уусан нь миний буруу. Би гэмшиж байна. Удахгүй дэлхийн аварга болох гэж байна. Өнөөдөр сорил нь дуусч байна. Шинэ залуу үеийн дүү нар минь гараад ирлээ. Ах нь бэлтгэл хангагч болоод, дүү нартаа туслана. Миний дүү нар дэлхийн аваргаас медаль авна гэдэгт 100 хувь итгэж байна” гэж ярьжээ.

Есдүгээр сарын 13-ны өдөр. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гавьяат тамирчин Э.Цэндбаатарын асуудал дээр тайлбар хийсэн.

Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар:

-Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Боксын холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаад, “Элит” төв дээр 130 хүн ердөө хоол идээд тарсан. Тэр өдөр шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байна лээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиход цаг хэтрүүлж ажилласан, олон хүн архи дарс ууж, хоорондоо зодолдсон гээд цөөнгүй зөрчил илэрсэн. Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Би энэ байгууллагад ороод найм хонож байна. Удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатарт сануулах, анхааруулах арга хэмжээ авсан байна лээ. "Найрамдал" зусланд улсын шигшээгийнхний цугларалтын үеэр шөнө орхиж явсан. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэж, гудамжинд нүцгэлсэн. Өмнө нь "Хандгайт"-ын цугларалтыг таслаж яваад зодуулсан гэх мэт. Бид хамтын шийдвэр гаргасан. Их спортын төрлүүд, шигшээ багууд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, гадаад руу тэмцээн уралдаанд явдаг учир сахилга баттай байх ёстой гэж би удирдах зөвлөлийн гишүүдтэй 100 хувь санал нийлсэн.

Есдүгээр сарын 15-ны өдөр. Э.Цэндбаатар дэлхийн аваргад оролцох хүсэлтээ олимпын хороо болон боксын холбоонд хүргүүлэв.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар:

-Би өнөөдөр Олимпын хороонд албан ёсоор ДАШТ-д оролцох хүсэлтээ өгч байна. Хамгийн эхэнд бодогдож байгаа зүйл гэвэл олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс 60 кг-ын үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр ринг дээр ялагч нь байхыг зорьж, хүсч байна. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явъя” гэв.

Есдүгээр сарын 16-ны өдөр. Монголын боксын холбоо мэдээлэл хийж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг дэлхийн аваргын эрхийн төлөө тулалдах болсныг зарлалаа. Тэрбээр эрхийн төлөө энэ жил 21 нас хүрч буй О.Тулгатай тулалдах болов.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:

-Нийгэмд давлагаа үүсч, иргэд их хандсан. Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулж өгөөч гэж 2018 хүний гарын үсэг цугларсан. Бид дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилоор шалгаруулсан. Түүний жинд “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул бид хуралдаж, О.Тулга болон гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын хооронд сорил тэмцээн явуулж, ялсан нь дэлхийн аваргад оролцоно. Тулааныг AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын дүрмийн дагуу гурван үе, гурван минутаар явуулна. Таван шүүгчтэй явагдана. Жин 60.00 кг байх ёстой. Нэг грамм ч илүү байх ёсгүй. Тулаан аравдугаар сарын 3-нд Эрдэнэтэд болно. О.Тулга одоо Москвад армийн дэлхийн аваргад оролцож явна. Сая мэдэгдлээ.

Харин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа “Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн н.Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа" гэж хэлээд "Би улам илүү их хичээж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно. Хүндэтгэсэн Э.Цэндбаатар" гэжээ.

Аравдугаар сарын 3-ны өдөр. Э.Цэндбаатар болон О.Тулга нар дэлхийн аваргын эрхийн төлөө сорил тулаан хийх байсан ч Э.Цэндбаатар жиндээ орсонгүй. Ийнхүү О.Тулга 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн Сербийг зорих болов.

Э.Цэндбаатар цахим хуудастаа "Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" гэжээ.

Сэтгэгдэл бичих