Монгол Улс “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-д орлоо

оруулсан Алсын Хараа

Монгол Улс нь Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орсныг FTSE Russell есдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор мэдэгдлээ.

Монгол Улс анх 2012 онд Их Британийн FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байв. FTSE Russell нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлж, тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д байршуулдаг. Хэдийгээр манай улс 2012 онд уг жагсаалтад орсон ч арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим буюу Т+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, олон улсын кастодиан банкгүй шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүй “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч, Сангийн яам болон зах зээлд оролцогчидтойгоо энэ чиглэлд хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг  нэвтрүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны 11 дүгээр дүгээр сард гаргажээ. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг энэ дагуу бэлтгэл ханган системийн хэмжээнд дээрх горимд өнгөрсөн оны гуравдугаар сард шилжсэнээр үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцэж чадсан аж.

Монгол Улс энэ ангилалд орсноор хөрөнгийн багцын удирдлага хийдэг мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад чухал ач холбогдолтойг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл бичих