“E-Mongolia”-г шинэчилж, иргэн бүрд Digital ID үүсгэлээ

оруулсан Алсын Хараа

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” шинэчилсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Шинэчилсэн “e-Mongolia” хувилбарт иргэн бүрд Digital ID үүсгэснээр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэв. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Харин иргэний цахим үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд дотоод журмаараа зохицуулсан байдаг аж.

Түүнчлэн, өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас, хувьцаа, нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр харж болно. Үүнээс гадна тухайн иргэний нэрээр бүртгэлтэй байдаг үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй мэдээллийг шинэчилсэн хувилбарт оруулжээ.

Тус системийг 2020 оны 10 дугаар сарын нэгэнд нийтэд танилцуулж байсан бөгөөд нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлсэн байна.

Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухлыг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын цахим хуудаснаа тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих