Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн олон түрүүг хүртсэн домогт ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал аварга зодог тайлахаар болсон талаар Японы төдийгүй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд есдүгээр сарын 27-нд мэдээлэв . Энэ талаар АНУ-ын bbc.com сайт хэрхэн онцолсныг орчуулан хүргэж байна.
Сүмо бөхийн хамгийн агуу аварга Хакүхо 1000 гаруй давсны дараа зодог тайлах шийдвэрээ гаргалаа.
Тэрбээр 15 настайдаа төрөлх Монголоосоо Японд очиж, сүмо бөхийн дээд цолонд хүрчээ. Хакүхо замналынхаа туршид түүхэн дэх бусад бөхчүүдээс илүү олон цол, ялалт авсан байна.
Хакүхо 2001 онд анхны барилдаанаа хийсэн бөгөөд зургаан жилийн дараа ёкозүна цол хүртжээ. Их аварга зодог тайлсан учир одоо байгаа бөхчүүд дунд ердөө нэг л ёкозүна цолтой бөх үлдэж байгаа юм.
Тэрбээр энэ оны эхээр баруун өвдөгний хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд долдугаар сард болсон 45 дахь тэмцээндээ түрүүлсний дараа түүний бэртэл сайнгүй байгааг мэдэгдэж зодог тайлах тухай бодож байгаагаа илэрхийлсэн юм.
Хакүхо 2019 онд Японы иргэншил авсан ба өөрийн залгамж халааг авах залуу бөхчүүдийг бэлтгэх зорилготой байгаагаа хэлж байсан.
#1 Сумогийн их аварга Мөнхбатын Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. 192 см өндөр, 158 кг жинтэй.
#2 Тэр 2000 онд буюу 15 настайдаа анх Японд очиж, 2001 оноос барилдаж эхэлжээ.
#3 М.Даваажаргал 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.
#4 1000 жилийн түүхтэй сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 45 түрүүлж, 45 удаа эзэн хааны цомыг авсан цор ганц бөх байдаг. Тэр нь мэдээж Хакухо М.Даваажаргал.
#5 Хакухо өнгөрсөн хугацаанд нийт 1187 ялалт байгуулжээ.
#6 Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо болгожээ. Ингэснээр тэрээр зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших боломжтой болсон юм.
Өмнө нь Ёкозүна цолтой гадны иргэн болох Акебоно болон Мусашимару нар иргэншлээ сольж өөр өөрсдийн нэрээр дэвжээ нээж байв.
#7 Түүний аав Жигжидийн Мөнхбат нь Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт бөх юм.
Хакухо М.Даваажаргал "45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа" хэмээж байв.
#8 Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вадатай хуримласан бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.