Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа.

-Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын онцлог юу вэ?

-Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд орж байгаа. Урьд нь эмнэлгүүдийн орыг  боломжийн хэмжээнд зохицуулсаар ирсэн ч хэвтэн эмчлүүлэгсдэд хүлээлт үүсээд байсан. Тиймээс түр журам гаргаж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орын тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ гэж ойлгож болно. Баг 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтах юм. Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй. Ингэж санхүүжилттэй холбож өгсөн.

Хоёрдугаарт, иргэд маань өөртөө шинжилгээ хийж, оношлохоо болих учиртай. Өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт хандаагүй, өөрийгөө оношилсон иргэдийн мэдээлэл нэгдсэн мэдээнд багтдаггүй. Тиймээс иргэд зайлшгүй эмнэлэгт хандах нь чухал байна.

-Цаашид ор нэмж дэлгэх үү?

-Бид ор нэмж дэлгэх гэхээсээ илүү зохицуулалтаа нарийвчилж, хүндрэл чирэгдлийг багасгахад эхний ээлжид анхаарна. Ор дэлгээд л, нэмээд байх нь оновчтой биш. Ор дэлгээд ч дэглэмээ барихгүй бол өвчлөл буурахгүй байна. Мэдээж, шаардлагатай гэвэл ор дэлгэхийг үгүйсгэхгүй. Өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг шийднэ. Түүнээс туссан болгоныг хэвтүүлнэ гэсэн үг бас биш.

-Хөнгөн туссан хүмүүс гэртээ эмчилж байтал гэнэт хүндэрч байна гээд байгаа шүү дээ?

-Хөнгөн өвчтөн гэж ярих нь бас буруу юм. Ялангуяа өндөр настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй, даралт өндөртэй, жин ихтэй хүмүүс бол гэнэт хүндрэх магадлал их. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хянуулж, өвчний байдлаа тодорхойлох ёстой.

-Хэвтэн эмчлүүлэгсдийн асуудлыг эмнэлгүүд биш, баг зохицуулна гэхээр илүү хүндрэлтэй биш үү?

-Урьд нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтүүлж, мэдээллээ нэгтгэж өгдөг байсан. Гэхдээ хэвтсэнийх нь дараа. Харин одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэнэ гэсэн үг. Огт байгаагүйг сэдсэн хэрэг биш, өмнөхийг илүү боловсронгуй болгосон гэж ойлгож болно. Бид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих