Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд БНХАУ-аас худалдан авч буй 2750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 20.00 цагт ирлээ.
Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9 дүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалт, тээвэрлэлтийг Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрынхан богино хугацаанд шуурхай зохион байгуулж байна.
“Шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Замын-Үүдэд шилжүүлэн ачиж Улаанбаатар хот руу шуурхай татан авахаар ажиллаж байна.
1210 ТОНН БҮХИЙ 20 ВАГОН ШАТАХУУН ОРЖ ИРЛЭЭ
Ангарскийн нефтийн үйлдвэрээс нийлүүлэх 1500 тонн АИ-92 автобензиний эхний ээлжийн 1210 тонн бүхий 20 вагон шатахууныг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа. ОХУ-аас энэ сард багтаан 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонн болон 9 сарын үлдэгдэл болох 9000 тонныг нийлүүлэхээр тохиролцсон.
Шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН анхаарал хандуулан ажиллаж байна.
Эх сурвалж: УУХҮЯ