Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх бодлогыг барьж буй. Энэ хүрээнд Чингис хотод Эзэнт гүрэн цогцолборыг байгуулж байгаа бөгөөд Их гурван хааны дүр, түүний орчны тохижилтын ажил өрнөж байна.
Тодруулбал, Чингис хаан, түүний гутгаар хүү Өгэдэй, Чингис хааны ач хүү Хубилай нарын хөшөөг Хэнтий аймгийн унаган хүү зураач, барималч Ж.Нанзаддорж хийж байна. Эдгээр хаадуудын хөшөө нь өөртэй нь харьцдаг хөшөө гэдгээрээ Монголд ганц хийгдэж байгаа гэдгийг уран бүтээлч онцолж байна. Хөшөөны өндөр 6 метр аж. Эзэнт гүрэн цогцолборын зураг төсөл, санал санаачилга 2 жилийн өмнө гарч байсан боловч цар тахлын үед ажил бага зэрэг удааширчээ. Орон нутгийн хөгжлийн сангаар хийх уг бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 7 тэрбум төгрөг бөгөөд энэ жилийн төсөвт 870 сая төгрөг суулгаж ийнхүү ажил өрнөж байна.
Хэнтий аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Э. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Цогцолбор нь нийт 5 га газрыг хамарч байгаа бөгөөд баруун хэсэгтээ түүхэн хэсэг, зүүн хэсэгтээ хүүхэд залуучуудад зориулсан амралт зугаалгын байдлаар хийх зураг гарсан боловч утга санааг нь арай өөрчилж бүгдийг нь түүхэн байдлаар баяжуулах хувилбар яригдаж байна” гэлээ. Жил бүрийн төсөв дээр тодорхой мөнгө төсөвлөж 2024 он гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм байна.