Энэ сардаа багтаан 1500 тн АИ-92 бензин авахаар боллоо

оруулсан Алсын Хараа

УУХҮЯ, мэргэжлийн холбоо, шатахуун импортлогч компанийн төлөөллүүд шатахууны хангамж, нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар “Роснефть” компанийнхантай уулзаж байна.

Уулзалтаар шатахууны нийлүүлэлттэй холбоотой эерэг нааштай үр дүн гарч эхэлснийг "Петровис" компанийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тухайлбал, энэ сардаа багтаан 1500 тн АИ-92 бензин, 10 дугаар сард 44000 тн АИ-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10000 тн АИ-92 бензин авахаар болсон байна.

Манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, импортын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд шатахууны хангамж нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар жил бүр уулзаж хэлэлцдэг. Энэ удаагийн уулзалтыг есдүгээр сарын 21-25-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байгаа юм.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо, Монголын нефть хийн Үндэсний ассоциац, шатахуун импортлогч компанийн төлөөллүүд оролцож байна.

Сэтгэгдэл бичих