Монголын байт харвааны баг Италийн багийг 5:3-аар ялжээ

оруулсан Алсын Хараа

АНУ-д болж байгаа байт харвааны ДАШТ-нд оролцож буй Монгол Улсын байт харвааны хослол өчигдөр Италийн шигшээ багийн хослолыг 5:3 ( 35:33, 35:32, 33:40, 34:34)-аар хожсон талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.

Ийнхүү Италийн “оддын хослол”-ыг буулган авсан Монголын баг ДАШТ-ий эхний өдрийн гол сенсаацийн эзэн болсон байна.

Италийн багийн бүрэлдэхүүнд Мауро Несполи болон Лучилла Боари нар багтжээ. Үнэхээр хүчтэй баг. Мауро Несполи бол олимпийн багийн харвааны алт, мөнгөн медальтай, “Токио-2020” олимпын эрэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн, Дэлхийн АШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, Танхимын ДАШТ-ий багийн мөнгө, Европын АШТ-ий хошой алт, 5 хүрэл медальтай харваач.

Тэгвэл Лучилла Боари “Токио-2020” олимпын эмэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн, Европын наадмын хувийн мөнгөн медальтай. Ийм л хүчтэй багтай манай харваачид цэц сорьсон. Холимог багийн төрөлд харваач тус бүр нэг сетэд хоёр хоёр сум тавих бөгөөд нийлбэр оноогоор сетэд ялсан баг хоёр оноо, хэрэв тэнцвэл баг тус бүр нэг нэг оноо авдаг дүрэмтэй.

Манай баг хоёрын даваанд /1/8/ чансааны наймд бичигдсэн Нидерландын багтай өнөөдөр буюу есдүгээр сарын 22-нд орон нутгийн цагаар 16:45 цагаас /Улаанбаатарын цагаар 9 дүгээр сарын 23-ны өглөөний 05:45 / цэц сорих юм.

Сэтгэгдэл бичих