Ургац хураалтад 10 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд одоогоор 25 мянган га талбайг ангилан хадаж, 26.3 мянган га-гаас 37.7 мянган тн үр тариа хурааж аваад байна. Үүнээс 24.3 мянган га-гаас 34.4 мянган тн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тн хүнсний ногоо, 6 мянган  га-гаас 16.9 мянган тн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тн тосны ургамал хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 6.6, төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувьтай байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

Тус яамнаас “Ургацаа бүрэн авцгаая” аян өрнүүлж, оюутан залуус, ажил хайж буй иргэдийг ургацын талбайд ажиллахыг уриалсан. Ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
Энэ онд улсын хэмжээгээр 420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-г тариалсан байгаа.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тн үр тариа, үүнээс 559.2 мянган тн улаанбуудай, 198.8 мянган тн төмс, 117 мянган тн хүнсний ногоо, 64.3 мянган тн тосны ургамал, 203.3 мянган тн малын тэжээлийн ургамал  хураан авах төлөв гарчээ.

Сэтгэгдэл бичих